Жилд осол гэмтлийн улмаас 2000 гаруй хүн амиа алдаж байна

Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийн хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ЗТХЯ, БСШУСЯ, НЭМҮТ, ГССҮТ, ТЦГ-ын холбогдох хүмүүс оролцлоо.
Сүүлийн үед авто ослын улмаас хавсарсан хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдэж ирж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байгаа талаар албаныхан хэллээ.
Хэвлэлийн хуралд оролцсон ГССҮТ-ийн эмчийн хэлж буйгаар “Жилд осол гэмтлийн улмаас 2000 гаруй хүн амиа алдаж байна. Энэ тоо буурахгүй нэмэгдэж байна. Тиймээс осол гэмтлээс сэргийлэх тал дээр нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Үндэсний зөвлөлийг байгуулж, олон улсын жишгээр цогц арга хэмжээг авах ёстой. Олон салбарын уялдаа холбоог холбож шийдэл гаргасан зөвлөлтэй байх ёстой.
Манай эмнэлэг дээр осол аваарт ороод ирсэн хүүхдүүдэд амь насыг аварч, цаг алдалгүй эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч байгаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтэлтэй хүүхэд, хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Тэгэхээр бид нар үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр нь илүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.
Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, мөн хүүхдийг зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалах бүс зүүлгэдэггүй гэх мэт томчуудын буруутай үйлдлээс болж хүүхэд бэртэж гэмтэх амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох зэрэг харамсалтай хэрэг гарсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ