УНТЭ цусны бүлэг тохироогүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах энэ нарийн түвэгтэй мэс заслыг монгол эмч нар анх БНСУ-ын АСАН эрүүл мэндийн төвтэй хамтран эхлүүлснээс хойш энэ нь 75 дахь мэс засал болж бүртгэгджээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөгжлийг илүү төгөлдөржүүлж, цусны бүлэг таарахгүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг АСАН эмнэлгийн эмч нартай хамтран хийсэн юм.
Хагалгаа 15 цаг үргэлжилсэн бөгөөд охин нь аавдаа донор болжээ. Өвчтөн болон донорын бие тогтворжиж байна гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн ярив.
Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор олдохгүйгээс тусламж авч чадахгүй тохиолдол манайд цөөнгүй байдаг. Харин цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нар нутагшуулбал донор олдохгүй гэх бэрхшээлийг ардаа орхих маш чухал ач холбогдолтой мэс засал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ