Гадаадаар аялуулна гэж хүмүүсийг залилсан Д.Сүхбаатарыг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэлээ

АНУ-ын Даймонд Холидэй компанитай харилцаатай гэх "Дэлхийг тойрон аялагчдын клуб" төрийн бус байгууллагын захирал Д.Сүхбаатар нь иргэдийг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний хохирол учруулсан талаар бид мэдээлсэн.АНУ-ын Даймонд Холидэй компани нь нэлээн нэр хүнд бүхий алдартай компани гэнэ. Энэхүү компанийн нэрийг барьсан нь хүмүүст итгэл үнэмшлийг их төрүүлжээ.Эл хэргийг цагдаагийн байгууллагаас 2012 онд илрүүлсэн. Тэгэхээр жил дамнан шалгагдаж байгаа гэсэн үг. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогч иргэдийг бүртгэсээр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хохирогчоор мэдүүлэг өгсөн 380 иргэн байгаа аж. Тэгэхээр үүнээс ч илүү хүн залилуулсан байж болзошгүй гэнэ. Эдгээр хүмүүсээс нэг нь ч гадаадруу жуулчилсан тохиолдол байхгүй болохыг тогтоосон байна.
"Дэлхийг тойрон аялагчдын клуб” ТББ нь АНУ-ын "Даймонд холидай" компанитай түншлэлийн холбоотой хэмээн зар тарааж иргэдийг гадаадад аялуулж, урт болон богино хугацаагаар жуулчлалд урьж, сургана гэх зэргээр сүлжээ үүсгэсэн байсан. Улмаар бусдаас их хэмжээний мөнгө залилан авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Дээрх төрийн бус байгууллага нь зараар болон вэб сайтаар дамжуулан иргэдийг сүлжээ байдлаар гишүүнчлэлд бүртгэн хүн бүрээс бүртгэлийн хураамж хэмээн 205-380 ам.доллар авч байжээ.
Сэжигтэн Д.Сүхбаатарыг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа юм байна. Мөн түүндбусдын эд хөрөнгийг мэхэлж авах, завшиж үрэгдүүлэх гэх Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэрэв нэрийг нь барьсан гадаадын компани энэ хэргийн талаар мэдэж Олон улсын шүүхэд хандвал байдал бас л өөрөөр эргэх биз ээ.
Д.Сүхбаатарт холбогдох хэрэгт "Дэлхийг тойрон аялагчдын клуб" төрийн бус байгууллагад гишүүнээр элсэн залилуулж хохирогч, иргэний хариуцагчаар тооцогдсон иргэд Мөрдөн байцаах газарт бүртгэж, мэдүүлэг авч байна.
Ер нь ганц энэ хэрэг гэлгүй манай улсад сүүлийн жилүүдэд ийм төрлийн гэмт хэрэг гарах нь ихэссэн. Гадаадад ажиллуулна, сургана, аялуулна гэх нэрийдлээр иргэдээс мөнгө залилахявдал гарсаар байдаг. Тиймээс энэ удаагийнхаа мэдээллээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхийг зорьлоо. Дээрх хэрэг шиг гадаадын томоохон аялал жуулчлалын компанийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулдаг хэдэн ч байгууллага байхыг үгүйсгэхгүй юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ