Туулын хөвөөг дагасан тэмдэглэл, эмгэнэл

Их Тэнгэрийн амнаас Сонгинын амралт хүртэлх Туулын урсгалыг дагаад явж үзлээ. Усанд орж байгаа хүн, усанд машинаа оруулж байгаа хүн, ус руу бохир ус нийлүүлж байгаа үйлдвэр гээд зүсэн зүйлийн юм харах аж.
Хэдэн өдрийн өмнө гадаа дулаахан, нарлаг байсан болоод ч тэр үү хүмүүс голын эргээр дүүрэн. Усанд орж, тоглож наадна. Бас цүнх дүүрэн хиртэй хувцас хунар тавьчихсан гол дотор угааж байгаа ч харагдана. “Түмпэн сав авч ирээд угааж болдоггүй юм уу” гэхээр мэдэхгүй хэлээр нь асуусан юм шиг өөдөөс гайхан харах юм. Дахиж нэг хэлж үзээд бүр ад үзэгдэж, хөөгдөж туугдав.
Ер нь ажлын өдөр, амралтын бус цаг гэлтгүй хүмүүс голын эрэгт зугаалдаг юм билээ. Усны хувцастай охид бүсгүйчүүд наранд биеэ ээн хэвтэх нь далайн эргийг санагдуулам. Яасан ч хөөрхөн, гоолиг охид вэ гээд нүдээ хужирлаж дуусаагүй байтал хажуудаа тавьсан пивоны шилнүүд, эсэн бусын хог сэлтийг нь хараад шал дэмий амьтад байна гэж бодогдоно. Босч ирж пиво уугаад л нөгөө тарьсан хог руугаа зүглүүлсэн болоод чулуудахыгаа гоё гэж бодоогүй байлтай.
Их Тэнгэрийн ам хавьцаа нэг иймэрхүү. Харин хаа очиж голын эргийн мод бутанд уячихдаг хадаг яндар, хийморийн дарцаг харагдсангүй. “Амьд байгалиа хамгаалъя” аяныхан ажлаа сайн хийж байгаа бололтой. Нөгөө хог болж новшроод байдаг бумба сав ч алга. Гэхдээ тархи нь хогоор дүүрсэн этгээдүүд тэдэнтэй зэрэгцээд новш тарих “ажлаа” хурдтай амжуулж байгаа болохоор дүндээ дүн ч юм шиг.
Ирээдүйгээ боддоггүй нийслэлчүүд
Бид тэндээс хөдлөөд Сонсголонгийн гүүрний дэргэд ирлээ. Ёстой л голын эрэг байна даа. Энэ хавьдаа бургасгүй болохоор хүмүүс хаана юу хийж байгаа нь алган дээр тавьсан юм шиг л ил харагдана.
Хүмүүс бүр майхан босгоод амардаг юм байна. Заавал хээр хөдөө гарч байхаар Туулынхаа эргийг цэвэр байлгаад майхнаа босгочихвол болохгүй гэх юм ер алга. Тэнд ч залуус хөгжим бахируулж, энд ч шорлог хийгээд гоё байна аа, голын эрэг дээр.
Гэвч яг энэ хэсэгт голын хойдох замын цаана барилгын хог асгадаг болчихжээ. Уг нь тэнд “Онцгой объект” гэсэн бичиг хадсан байх аж. Сонсох нь гүний усны томоохон нөөц, ундарга энд байдаг юм билээ. Туулын усыг газар доогуур сэлбэх байгалийн хоолой ч бий гэсэн. Харин одоо барилгын хог асгадаг цэг болчихож.
Наана нь баахан хашаа хатгаад барилгын ажил эхлүүлэх гэж байгаа бололтой, том оврын машинууд данхалзаад л. Голын эргийн нимгэн хөрс мөрс гэж “маяглах”-аа больчихсон юм уу бүү мэд. Бас барилгын хогоос гадна арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал гээд, ээ бүү үзэгд, тэр үнэр танар, өнгө зүс гэж авах юмгүй балиар овоолгууд ч энд тэндүй харагдах юм. Үүнийг хараад л голын эрэг дээр майхан босгож, шорлог хийх төлөвлөгөөнөөсөө буцав. Сэжигч хүн бол өвчин тусч мэдэхээр өнгө төрх голын хойд эргийн зам гараад л нүднээ ил.
Бас урд эргээс нь хэдхэн метр яваад л Яармагийн эцсийн буудлын баруухан талд “Elegance town” гэдэг орон сууцны хотхон босч байна. Газар ухаад, тэгшлээд, нөгөө уулыг тал, талыг там болгодог үлгэрийн баатар шиг. Туул гол ганц хойд эргээсээ тэжээл аваад, урд хэсэгтэй огт харьцдаггүй биш байлгүй дээ.
Манайхан нээрээ заримдаа модны мөчир дээр суучихаад угийг нь хөрөөддөг тэнэг шиг байх юм. Угаасаа ийм болчихсон байх. Нийслэлчүүд Туулын усаар л гол зогоодгоо мэддэггүй биш мэддэг л баймаар. Эсвэл өөрсдөө одоо болчихвол үр хүүхэд нь ирээдүйд харангадаж үхсэн ч хамаагүй гэж боддог байж мэднэ. Энд барилга барих тухай бодож чаддаг бөх зүрхтэн байж л байдаг. Бөх зүрхийг нь улам дэмжээд зөвшөөрөл өгдөг дарга нар ч байж л байдаг.
Тэр хавийн шороо тоос ч хүн байтугай, жоом бясаа нь зугтмаар их. Нисэхийн дундуур гарах гэж урдах машинаа харахгүй хэд хэд зогсов. Уурхайн хотхон шиг баахан том машинууд тоос манаргаад, уурхайн хотхон шиг толгойдоо каск өмссөн ажлын хувцастай хүмүүс холхилдоод. Гадныхан “Чингис хаан” олон улсын буудалд буугаад айдаг байх. Африкт ирчихэв үү гээд. Туулын урд эрэг Нисэх хавьцаа нэг иймэрхүү. Яаж өдий хүртэл мяралзтал урсаад, амьтан хүнийг ундаалаад байгаа юм бүү мэд. Энэ сайхан голын буянг дааж чадахгүй бид нээрээ эргүүтжээ.
Амь тавьж буй Туул
Харин одоо жинхэнэ эмгэнэл рүү дөхнө. Нисэхээс цааш Биокомбинат, Шувуун фабрик руу дөхөх тусам цэвэрлэх байгууламжийнх шиг хоолой хорсгож, амьсгал боогдуулсан эхүүн үнэр хамар цоргиж эхэлнэ. Элдэв үнэрт мэдрэмтгий, харшилтай хүн шууд ухаан алдмаар. Ээ дээ, ер нь Сонгинын амралт руу хүрч чадахгүй энэ үнэрт цохиулах нь гэтэл сүүлдээ мэдээ алдаад юу ч үнэртэх чадваргүй болчихдог юм билээ
Сонгинын амралт руу ойртоод явж байтал наахна талд нь байдаг хэсэг шугуйд мод бүрийн дор сав суулга барьсан хүмүүс зогсохыг харлаа. Сонин л юм билээ. Мод, мод бүрийн доор хүн. Яаж байгаа юм бол ухааны бодол толгойд төрсөн шиг явж байтал жимсээ даахгүй шахам монос, үрэл, долоогоно, чацарганын бут, мод.
Машин зогсож амжаагүй байхад л үсэрч буугаад хамгийн ойрхон мод руу хар гүйхээрээ хүрээд өлсөж үхэх гэж байгаа юм шиг л жимс ам руугаа чихэв. Арай боловсорч гүйцээгүй ч зэрлэг жимс гэсэндээ тэр амтыг нь ээ. За ингээд модноос мод руу хүрч, идэх чадах хэмжээгээрээ жимс үмхэлж, навчтай юутай хээтэй нь идсээр Сонгинын амралт гээч рүү очив.
Нөгөө мэдээ алдсан хамрын мэдрэмжийг сэргэтэл эхүүн үнэртэж, түрүүн хоолой хорсгоод байсан, одоо нулимс гаргаж байна. Тэнд амрах байтугай хэдэн цаг ч байх арга байна уу. Ой гутам үнэрээс болоод түрүүн идсэн жимснийхээ талаар баахан эвгүй юм бодоод арай л хордлогод орсонгүй.
Ахмадуудын амралт гэх хоёр давхар ягаан байшин, социализмын үед баригдаа болов уу гэмээр модоор хийсэн хэдэн саравч, хашааны суурь байсан бололтой цементүүд гээд сонирхоод байх юм байсангүй.
Харин цаахна талд нь голын бургасанд халхлагдаад харагдсангүй, бөөн хүмүүс инээж, хөхрөлдөөд, орилж бархираад сүйд ээ. Нөгөө үнэр бол бүр тэвчээр алдагдах хэмжээнд байгаа. Бургасанд сүлбүүлэх шахан зүтгэлсээр голын эрэгт очив. Эгээ л эргэж зугтаасангүй. Голын урсгал ус мөн үү, яг л үерийн даланд зунжингаа өмхийрсөн ногоон шалбааг.
Юу, юу хөвөөд байгаа юм бэ. Харах нь бүү хэл сүүлд нүдэнд үзэгдээд хоол унднаас гармаар. Голын дээд урсгалаас арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал урсаж ирээд голын устай нийлдэг ба энд загас, усны шувуу байтугай амеб, микроб, бактер ч тогтохгүй зугтааж, устах хэмжээнд хүрсэн байна. Түрүүн хөл алдан хөгжилдөөд байсан хүмүүс нарийн салааны цэвэр усанд тоглоцгоох бөгөөд архинд халамцсан тулдаа дэргэдүүр нь урсах өмхий балчгийг анзаарахгүй, мэдрэхгүй байгаа бололтой.
Голын усанд чулуу долоолгож тоглосоор суганы булчирхайгаа цочоодог байж билээ. Энд харин гол руу чулуу шидэхэд ус биш шавар, балчиг полхийтэл үсрэх юм. Голын эргийн хэдэн бургас цагаан, навчис нь шар ногоон өнгөтэй болчихож. Дээрээс нь үйлдвэрийн эсэн бусын хог новш мөчирт нь тээглээд... дүрслэх ч арга алга.
Хаягдал бохир голын устай нийлж буй нь нүднээ ил. Тунгалаг, бохир хоёр өнгө харваас илт залгаж аваад, нийлж урсана. Туул гол цаашаа хэдэн голд нийлж, хэчнээн хүн малыг ундаалдгийг мэдэхгүй. Гэхдээ л голын адагт амьдарч байгаа амьд биет лав эрүүл биш ээ.
Сонгинын амралтын хавьд нутагладаг айлууд Туул гэж нэрлэхгүй өмхий гол гэдэг юм билээ. Өмнө нь энэ талаар олон сонсож байсан ч нүдээр хараагүй учраас байдал ийм аймшигтай, эмгэнэлтэй, өр өвдөж, дотор харанхуйлам болсныг мэдсэнгүй.
Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана л гэдэг. Гаргалаа гээд бас голынхоо эрэгт аваачаад байрлуулчихвал ер ялгаагүй. Болдог бол энэ хэдэн дарга нарыг бөөнөөр нь тууж аваачаад Сонгинын амралтад долоо хонуулчихмаар санагдсан. Нэг л их лоозогносон амьтад. Туул гол энэ янзаараа байвал XXII зууныг үзэх нь бүү хэл тун удахгүй нийслэлчүүдийг хордуулж, бөөн мутантууд болгож мэдэхээр болжээ. Үйлтэй монголчуудыг ундаалах гэж байгаль эхийн бүтээсэн энэ мяндсыг уг нь тасаршгүй гэж байсан ч одоо манайхан хүч хавсарч байгаад таслах гэж байна. Дөрвөн уулын хооронд тоос бужигнуулж амьдарч яваа л нэртэй юм бол зав гаргаад энэ бүхнийг очиж үзээд Хатан Туулыг хамжиж аврах цаг болжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ