Монгол Улс нэг тойрог болж, 77-н Ерөнхийлөгчтэй болох юмуу?

Сонгуулийн тухай хуулиа эрх баригчид нь сонгууль ойртонгуут өөрчлөөд явчихдаг улс орон манайхаас өөр үгүй. Эрх баригчид аль хэдийнэ тойргийнхоо сонгогчид дээр очих нүүргүй болтлоо хулгай хийж, худал ярьсан байдаг нь нууц биш. Манай улс Ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш чөлөөт сонгуулийг 8 дахь удаагаа явуулах хариуцлагатай мөчид тулж ирээд байна. Цагаан сонголт , саарал масс, намуудын нэр хүнд унасан гээд олон асуудал улс төрчдийн тархийг гашилгаж байгаа. Энэ утгаараа бодож бодож бодын шийр 4 гэгчээр эрх баригчид Монгол улс бүхэлдээ нэг том тойрог байх хувилбарыг санаачилж, намын бүлгээрээ дэмжсэн байна. Жижиг тойргийнхоо сонгогчдыг төлөөлөөд төрд суучихаж чадахгүй хошного нь загатнаж, өлбө долбо хийж гүйгээд байгаа нөхдүүд, бүх ард түмнээсээ сонгогдож болно гэж мөрөөджээ. Тойрогтоо эргээд очиход хэцүү байгаа нь мэдээж. Гэхдээ бүх ард түмнээсээ сонгогдсон 76 Ерөнхийлөгч лугаа болно гэж мөрөөдөх нь дэндүү эндүүрэл. Тэд түмэнд танигдсан, хөрөнгө мөнгөтэй гэдгээрээ аль болох тойрог томсгох хувилбарыг давуу хэмээн үзэж байна. Тэгээд ч энэ тогтолцоо урьд нэгэн удаа яригдаж байгаад техник ажиллагаа, технологийн шийдэлтэй холбоотойгоор дэмжигдээгүй. Гэвч Монгол Улсыг нэг тойрог болгож УИХ-ын сонгууль хийнэ гэдэг бүтэхгүй зүйл гэдгийг эрх баригчид сайн мэдэж байгаа. Төлөөллийн ардчилал, орон нутгийн онцлог, үндэстэн ястны хамрагдах байдал гээд Үндэсний Аюулгүй Байдлын хэмжээнд ч яригдах зүйлүүд бий гэнэ. Тэгэхээр энэ хувилбарыг санал болгож байгаа нь зүгээр л заль. Харин тойрог томсгосон дараагийн хувилбарыг гаргаж ирээд зүтгүүлэхэд болчихно гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Учир нь сонгуульд өрсөлдөх шинэ хүмүүс олонд танигдаж амжихгүй, ядаж бинзен нь тасалдаад зогсчихдог юм шүү дээ.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ