Дэнжийн мянгын Ногоон нуурыг аялал жуулчлалын маршрутад оруулахаар болжээ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо буюу Дэнжийн мянгад байрладаг Ногоон нуурыг Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөн Улаанбаатарын аялал жуулчлалын маршрутад албан ёсоор оруулан гадаадын жуулчдад үзүүлж байхаар болжээ. 1946-1970 онд “Чулуун тоочиг” хэмээн нэрлэгдэж байсан энэ газарт эхлээд япон цэргүүд, дараа нь монгол хоригдлууд чулуу бутлан бэлтгэж Сүхбаатарын талбайг барьж байгуулах болон, МУИС-ийн баруун талын авто зам зэрэг хотын төвийн бүтээн байгуулалтад ашиглаж байжээ. 1970-1990 онд Чулуун тоочигийн хонхорт нуур тогтож монгол, орос иргэд усанд нь сэлж зугаацдаг, эргэн тойрон хүнгүй зэлүүд газар байсан аж. Гэтэл 1990 оноос энэ хавиар айлууд бууж гэр хорооллын суурьшлын бүс бий болсноор нуурын хотгорт хур хог үүссэн байна. Харин иргэн С.Өлзийтогтох 2012 оноос гэр бүл, найз нөхдийн хамтаар энэхүү хур хогийг цэвэрлэн тохижуулж Уулын нуур буюу Дэнжийн мянган Ногоон нуур эдүгээ хүүхэд багачуудын саатах дуртай орчин болжээ. С.Өлзийтогтох энэхүү нуур орчимд номын сан, хөгжмийн өрөө барьж, тохижуулж, цана тэшүүр, чарга, завины нөөцтэй болгосон аж.
Нуурын хойд энгэрийн орой дээрээс Улаанбаатар хотыг гэр хорооллын орчинтой нь хамт харах боломжтой бөгөөд Зайсан II гэж хэлж болохоор. Эндээс Богд уул бүтнээрээ харагддагаараа онцлог аж. Тиймээс Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөн жуулчдад зориулсан хотын аяллын маршрутаа энэхүү Уулын нуур буюу Дэнжийн мянгын ногоон нуураар баяжуулахаар болжээ. Орчны гудамжууд цэвэрхэн, шавар шавхай үүсэхээргүй чулуулаг замтай. Мөн Улаанбаатар хотыг хойд талаас нь урагш тольдон харах нь жуулчдад таалагдана гэдэгт тэд итгэлтэй байгаа аж.
Түүнчлэн иргэн С.Өлзийтогтохын хичээл зүтгэлийг дэмжиж Ногоон нуурт ирсэн жуулчин тус бүрд 10 мянган төгрөг төлөхөөр тохирчээ. Аяллын компаниуд Ногоон нуурыг маршрутдаа оруулж хураамжийн орлогоор нь хүүхдүүд саатах дуртай энэ орчинг улам сайхан болгох боломжтой гэдгийг ч тэд хэлж байна.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ