Уурхайд осолдсон ажилтны цогцсыг 13 дахь өдрөө хайж байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр ноцтой осол гарсан. Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.
Одоогоор осолдсон ажилтны цогцосыг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зургадугаар сарын 2-ны байдлаар нуурын усыг шавхахын тулд ус татах хүчин чадалтай насосуудыг ашиглан нуурын усны түвшинг нийт 9.5 метрээр бууруулжээ. Улмаар нуурын шаврыг талбайд буулган буусан лаг шаварт эрэлч нохой ашиглан эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Тавдугаар сарын 26-ны өдөр осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоон маргааш нь алба хаагчид дахин шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Тавдугаар сарын 28-ны өдөр автомашиныг нуурын эрэг дээр татаж гаргасан. Урьдчилсан байдлаар хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн байхад ажиллаж байсан нь тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ