С.Баярцогт "зодог" тайлж магадгүй

Цэл залуу насандаа улс төрд хөл тавьж, 24-хөн насандаа АИХ-ын депутат болж, Ардчилсан Үндсэн хуулийг батлалцан, Улсын Бага хурлаас эхлээд УИХ-д дөрвөнтөө сууж, гурван ч удаа сайдын албыг хашсан эрхэм гишүүн С.Баярцогтод улс төрд хашиж үзээгүй алба, эдэлж үзээгүй эрх ямба гэж үлдээгүй.
Хамтарсан Засгийн газрын үед Сангийн сайдын албыг хашиж байхдаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нарын хамт Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш хэл аманд ороогдон, улс төр дэх үйл нь хазайсан гэхэд болно. Үйлийн лайтай тэр гэрээтэй нэр холбогдсоноос хойш өөдлөхөө больсон тэрбээр өнгөрөгч хавар золтой л улс төрөөс “нисчихээгүй”.
Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр Швейцарийн банк дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, орлогоо нуун дарагдуулсан хэрэгт унаж, эцэстээ УИХ-ын дэд даргаа өгч “амь” мултарсан. Лүйжин тавиулаад ч засал авахаа больсон тэрээр арга барахдаа улс төрөөс зодог тайлахаар шийдсэн сурагтай. Харин өөрийн өв залгамжаа одоохондоо тодруулаагүй байгаа ч нутгийн чадалтай, чамбайхан залуусаас нэгийг нь гаргаж ирнэ хэмээн ам алдсан бололтой.
Хэдэн жилийн өмнө чуулганы нэгдсэн хуралдааны үеэр жилдээ нэг тэрбумын орлоготой бизнестэйгээ зарлаж байсан тэрбээр улс төрөөс хөндийрсөн ч ар тал найдвартай гэнэ. Чадалтай, ирээдүйтэй, улс төрд байх хэрэгтэй залуусын нэг гэгддэг гишүүн С.Баярцогт ямартай ч их улс төрөөс гарч, ирэх сонгуулиар өрсөлдөхгүй нь тодорхой болж байгаа бололтой.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ