Н.Алтанхуягийн Засгийн газрын гал унтраах төлөвлөгөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржөнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, оны эцэст сөхөрч унаж мэдэхээр байгаа эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлын талаар нухацтай авч хэлэлцэв. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцож, эгц доошоо унаж буй эдийн засгаа хэрхэн тогтоож үлдэх талаар зөвлөлдсөн юм.
“Рио Тинто” нүүрээ буруулж, Оюутолгойн далд уурхай зогссон нь Монгол Улсын эдийн засгийг сөхрүүлээд зогсохгүй 2000 хүн ажилгүй болж гудамжинд гарахад хүрээд байгаа. Түүнчлэн ам.доллары ханш өссөн, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан, гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар доошилсон гээд Монголын эдийн засагт халгаатай олон хүчин зүйл шил дараалан гарсаар байна. Эдийн засгийн энэ хүнд асуудлыг Засгийн газар ганцаараа даван туулж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Уг нь нэг жилийн өмнө Шинэчлэлийн хэмээх Засгийн газар их л эрч хүчтэйгээр ажилаа эхэлж байв. Засгийн газрын гишүүдэд амралтын өдөр гэж байхгүй. Өдөр бүр 21:00 цаг хүртэл ажиллаж, хичнээн чухал ажилтай байсан ч улиралд хоёроос илүү гадаадад томилолтоор явахгүй хэмээх зорилгыг тавьж байлаа. Тэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг үндэсээр шинэчлэх их аяндаа ийнхүү мордсон юм. Ажлаа ч эрч хүчтэйгээр эхэлж байв. Гэвч хийхээсээ илүү ярих нь ихдэж, хэтэрхий их сэтгэл хөдлөлөөр асуудалд хандсаных нь гор өнөөдөр, нэг жилийн дараа гарч ирлээ. Шинэчлэлийн Засгийн газрынанх тавьж байсан зорилго нь “Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж,бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ. Зээлийн хүүг бууруулна. Орон сууцны зээлийн тогтолцоог бий болгоно. Уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгоно” хэмээж байв. Гэвч өнөөдөр хэлж ярьж байсан зүйлүүд нь 360 градусаар буруу эргэчихээд байна. Одоо Н.Алтанхуягийн Засгийн газарт гал унтраах төлөвлөгөө л үлдлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганирэх сарын 02-06-ны хооронд хуралдахаар болов. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж. Нэг ёсондоо УИХ хуралдаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг ямар ч гэрээний нөхцөлтэй байсан “Хүрээд ир. Тавтай морил” хэмээн даллах бололтой юм. Арга ч үгүй биз Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж манай улсад хөрөнгө цацах гадныхан цөөрсөн. Тэр бүү хэл нөгөө айхтар хэл ам татлаад байдаг “Рио Тинто” нь хүртэл арилаад өглөө. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газрын гал унтраах төлөвлөгөөний тэргүүн эгнээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлах асуудал чухалд тооцогдож байна.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар нүүрсний экспортыг дэмжих талаар дараах арга хэмжээнүүдийг баталсан байна. Нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр Боомтын зориулалттай нарийн төмөр зам барьж ашиглалтад оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгажээ. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан автозам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасан байх юм.
Хамгийн сонирхолтой нь“Монголын төмөр зам” компанийн захирал асан М.Энхсайханыг нарийн царигтай төмөр зам тавина хэмээн тэрсэлсэнийх нь төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Харин ҮХАА-ын сайд Х.Баттулгын өргөн царигтай төмөр зам барих саналыг Засгийн газар зөвшөөрч байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Царигийн хэмжээг Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Х.Баттулга гээд хэн нэг хүн шийдэхгүй. Энэ бол төмөр замын бодлого. УИХ-аас баталсан бодлогод өргөн царигтай байна гээд шийдчихсэн. Урагшаа тавих төмөр зам өргөн царигтай байхаар ТЭЗҮ хийсэн. Нарийн байвал илүү ашигтай гэсэн эдийн засгийн тооцоо байхыг үгүйсгэхгүй. Ашиг гэдэг бол харьцангуй зүйл. Гэхдээ УИХ илүү өргөн хүрээнд харж шийдвэрээ гаргасан” хэмээж байв. Гэвч цагийн аясаар нарийн төмөр зам барих нь зөв юм байна гэдгийг Засгийн газар ойлгож байх шиг байна. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газрын гал унтраах төлөвлөгөөний дараагийн хэсэг нарийн царигтай төмөр зам барих. Ямартай ч Шинэчлэлийн хэмээх Засгийн газар гаргасан алдаатай шийдвэрүүдээ түргэн хугацаанд засч, хий хоосон мөрөөдөх биш бодит байдлыг зөв өнцгөөс нь харах хэрэгтэй байна. Ингэх ньМонголын эдийн засаг, нийгэм болоод ядарсан ард түмэндээ хэрэгтэй юм даа.
У.САРАНГЭРЭЛЭх сурвалж http://www.info.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ