ЭМДС: Өргөн хэрэглээний 62 эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр оруулжээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийлээ.

2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж эхэлсэн.

2019 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 33,9 тэрбум төгрөгийг  зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна. 

Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт, хэлэлцээ хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.

Мөн ахмад настнуудын дийлэнх хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хүртэл хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэл хувиар тус тус хөнгөлсөн байна.

Иргэд та бүхэн ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн 70101128 дугаарын утсаар холбогдож, хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангуудын хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг авах боломжтой. 

ЭМДЕГ-ын мэдээлэл технолгийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил:

-ЭМДЕГ 2018 оноос эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэн байгаа. Энэ систем маань улсын хэмжээнд ажилладаг. Нийтдээ 2833 өрхийн эмнэлэг цахим систем дээр эмийн үнийн хөнгөлөлтийн цахим жорыг бичиж байна.

Үндсэндээ нэг жилийн хугацаанд давхардаагүй тоогоор  665,000 байнгын тогтмол жорыг бичүүлж, тусламж үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн тооцоо гарсан. Ойролцоогоор 2,400,000 цахим жорыг манай систем бүртгээд, үүний дагуу санхүүжилт болон хэрэглээ, тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хяналтын процессыг хийгээд явж байна.

Ерөнхийдөө энэ цахим системд орсноор хэн гэдэг иргэн, хаана өрхийн эмнэлэг дээр, ямар эмч дээр, ямар оноштойгоор, хэчнээн төрлийн ямар ямар эм бичүүлсэн гэдэг нь тухайн үед нь бүртгэгдэнэ.

Энэ мэдээлэл дээр суурилаад Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх  зайлшгүй шаардлагатай эмийн судалгаа тооцоог гаргаж байгаа. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий эмийн сангуудаар санхүүгийн хямдрал болон тусламж үйлчилгээг тэгш хүргэх боломж бололцоо бий болж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 3-р хорооны өндөр настан Д.Дэмбэрэл:

-Даатгал бол маш их ач холбогдолтой. Ялангуяа өндөр настай хөгшчүүл хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаад их баярлаж байна. Энэ хөнгөлөлттэй эмийг авахын тулд кодтой болсон. Үүгээрээ үйлчлүүлэхэд их аятайхан, зөв зохион байгуулалттай юм шиг санагдсан. Миний уудаг даралтны эм 16000 байсан. Одоо 5000 төгрөгөөр авах боломжтой болж байна. Хөнгөлөлтийн хувьд их сайн байгаа. Энэ нь тэтгэврийн өндөр настай, орлого багатай иргэдэд их ач холбогдолтой, чухал гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын хамт олондоо баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ