Халхын голын баатруудыг авилгачийн оймсны мөнгөнөөс дээгүүр үнэлээчээ! Сайд аа

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ 2019 онд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах албаны ажлууд мэдээж зохих журмынхаа дагуу л явж өнгөрнө.
Дурсан санаж, тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг үг хэлэхэд амархан. Одоо цагийн бид хөл хөөрцөг болгон баяр мэт өнгөрөөх ч гэлээ зүрхэндээ нулимстай, цээжиндээ гомдолтой хүмүүс олон.
Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавъяа байгуулсан цөөхөн тооны амьд сэрүүн ахмад дайчдад нэг удаагийн буцалтгүй тусламж 5 сая төгрөг өгөхөөр болсноо Засгийн газар зарлалаа. Амьд сэрүүн байгаа 10 гаруй хүн байдаг гэнэ. Арга ч үгүй биз дээ 1939 оны Халхын голын дайнд 18 настай оролцож байсан хүн амьд сэрүүн байх нь цаг хугацааны хувьд боломжгүй юм. Тиймээс цөөхөн хэдхэн дайчин энх тунх байна.
Тэдэнд нийтдээ 50 сая төгрөг олгоно гэсэн үг.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт АТГ-аас бичлэгийг нь дэлгэсэн авилгач Батбаярын оймсноос 10 мянган ам.доллар буюу 26 сая төгрөг гарч ирлээ. Халхын голын баатруудад өгөх тусламжийн тал мөнгө адгийн муу авилгачийн оймсонд хэвтэж л байдаг. Захын авилгачийн оймсны мөнгөнөөс долоон дор мөнгөөр халхын голын баатруудаа үнэлж байна уу даа төр засаг гэж халаглан бодно.
Халхын голын ялалтын ойг тэмдэглэхэд зориулж Батлан хамгаалахын сайдын төсөвт 1,3 тэрбум төгрөг суулгажээ. Гэтэл нөгөө авилгач Батбаярын гэрийн жорлонгоос бусад өрөөнөөс нийлээд 1 тэрбум гаруй гарсан байх юм. Батбаяр ганцаараа Халхын голын ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэх дайны мөнгө авилгалд авчээ.
Халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан дайчид ирээдүйн авилгач, авилгалыг өөгшүүлэгч улсын төлөө амь насаа зориулаагүй юм шүү.
Ийм төр засаг, хуульт ёстой улс хөгжих үү. Гэтэл нөгөө авилгач одоо өөрийгөө өмөөрч нэр төрд халдсан хэмээгээд АТГ-ыг шүүхэд өгөх юм гэнэ.
Халхын голын байлдаанд оролцож амь насаа алдсан болон амьд сэрүүн байгаад насан эцэслэсэн олон дайчдын ар гэр, үр хүүхэд, хамаатан садан энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар анхааралтай харж байна.
Насан эцэслэсэн ч гэлээ ахмад дайчдаа дурсгалыг нь хэрхэн хүндэтгэх бол дайнд оролцогсодын гэр бүлд нь ядаж нэг тэмдэг өгөх болов уу гээд тэд горьдлого тээж байгаа.
Гэтэл дээгүүрээ төр засгийн хэмжээнд ийм ч кино, тийм ч нэвтрүүлэг хийж байгаа гээд яриад байгаа хирнээ яг хүн дээрээ хэр хүрч байгаа бол.
“Халхын голын байлдаанд хуягт танкчин байсан”, “Цусан гавъяаны одонгоор шагнуулсан”, мөн “хоёр дайнд оролцсон ахмад дайчид” гээд олон баатарлаг хүмүүсийн ар гэртэй бид уулзлаа. Одоогоор тэдэнд Халхын голын ялалтын ойг тэмдэглэх талаар болон дайчдын гэр бүлийг ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулах тухай хандсан газар алга ба энэ талаар мэдээлэлтэй муутай байгаагаа ярьж байлаа.
Дайнд оролцсон дайчдын албан ёсны бүртгэл яг байдаг уу? Энэ асуудлаар Батлан хамгаалах яаман дээр очиж сураглахад үүдний харуул дээр очоод гацсан ба өргөдөл гомдол хариуцсан ажилтан дээр ч ороод тоймтой мэдээлэл олж авсангүй. Дайнд оролцсон ахмад дайчдын хороо гэдэг Төрийн бус байгууллага үүнийг хариуцдаг ба чөлөөнд гарсан нэгэн цэргийн хүн түүнийг нь тэргүүлдэг гэсэн мэдээлэл авлаа.
Яг үнэндээ төрийн бус байгууллагаар хийлгээд байх хэмжээний ажил мөн үү энэ. Бүхэл бүтэн Улсын Батлан хамгаалах яам энэ асуудлыг мэдэх ёстой баймаар Н.Энхболд сайдаа.
Бидний сайн сайхан , энх цагийн төлөө дайнд баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчдаа дурсан санаж нүдэндээ нулимстай, зүрхэндээ шархтай байгаа тэр олон гэр бүл, үр хүүхдэд баярлалаа гэдэг үгийг хэлж өгөөч Батлан хамгаалахын сайдаа.
Н.Ренчин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ