Их Юань улсын нэр Юань хэмээх үгийн учир

Монголчууд түүхэндээ хамгийн хүчирхэг байсан үе нь Чингис хаан ба түүний залгамжлагчдын тогтоосон ноёрхлын үе билээ. Ялангуяа Хубилай хааны байгуулсан Их Юань улсын үед Ази тивийг зуу гаруй жилийн турш бүхэлд нь захирчээ. 1271 оны 12-р сарын 18-ны өдөр Хубилай хаан зарлиг буулгаж, улсын цолыг Их Юань гэж нэрийдсэн юм. Орчин үеийн эрдэмтэд Юань гэдэг үгийн учрыг олох гэж олон жил маргаж, өөр өөрсдийн таамаглалыг дэвшүүлж ирлээ.Академич Ш.Бира Юань гэдэг нь язгуур гэдэг утгатай гэсэн байхад нь бусад нь их эхлэл гэдэг утгатай гэжээ.

Миний бие хэдийгээр түүх судлал, эрдмийн ажлаас хол хөндий мэргэжлээр суралцдаг боловч Их Юань улсын түүхийг хэдэн жил уншиж судлаад өөрийн таамаглалыг дэвшүүлж байна.
Монголын морьтон баатрууд гэдэг эртний Перс зураг
Юань гэдэг үг нь Хятад хэлээр олон янзын утгыг илэрхийлдэг. Язгуур, эхлэл, анхан, тэргүүн гэдэг утгыг илэрхийлэхээс гадна хөх өнгийг илэрхийлдэг ажээ. Хубилай хаан улсын нэрийг солих зарлиг буулгахдаа: -"Өвгөс гайхамшигт баатраар дэлхийг эрхшээж, дөрвөн далайг олжээ. Улсын цолыг солихуй нь И жин бичгийн Чянь Юань хэмээх үгээс санаа авжухай" гэжээ. Монголчууд мөнх хөх тэнгэрийг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд аливаа үг, хааны зарлиг Мөнх хөх тэнгэрийн хүчин-дор хэмээн эхэлдэг. Мөн зарлигийн бичигтээ иш татсан Чянь гэдэг нь тэнгэр, Юань гэдэг нь хөх гэх утгыг илэрхийлнэ. Миний бодлоор Хубилай хаан улсынхаа нэрийг Их Юань улс гэж нэрийдсэн нь түүний байгуулсан улс хөх тэнгэр мэт хязгааргүй уудам бөгөөд хэзээ ч мөхөшгүй мөнх орштугай гэсэн санааг илэрхийлсэнтэй холбоотой бололтой. Тэнгэр хэзээ ч мөхөшгүй бөгөөд мөнхөд оршдог. Монголчууд мөнх хөх тэнгэрийг эрхэмлэдэг. Үүнээс үзвэл Их Юань улсын нэр нь Хубилайн санаагаар Юань улс хэзээ ч мөхөшгүймөнх оршихоос гадна хөх гэдэг утгаар Монголчуудын уламжлалт шүтлэг, шүтээнийг хамтатган илэрхийлсэн ажээ. 2011 оны 12-р сарын 18-ны өдөр бол Монголын Их Юань улс байгуулагдсны 740 жилийн ой болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ