Сайд Ц.Оюунгэрэл шүүхийг шударга бусаар нь дуудаж, МИАТ-ийн хэргийг яагаад задлахаар болов

Олны танил эрхмүүдийн хийсэн хэрэг ард түмний анхаарлыг татсан хэвээр байна. Зарим нь ч эхнээсээ ялаа авсан. АМХЭГ-ын дарга Д.Батхуяг өөрт ногдсон ялаа их байна хэмээн удаа дараа давж заалдаад эцэстээ нэмүүлээд чанга дэглэмтэй хорих ангид очсон. Тэгвэл саяханаас МИАТ-ийн хэргийг задлахаар, шүүхээс өгсөн ялыг шударга бус хэмээн УИХ-ын гишүүн, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлж эхлэв. Тэрээр байр сууриа илэрхийлээд зогсохгүй хууль шүүхийн ажиллагаанд нөлөөлөхөөр хөөцөлдөж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Сайд Ц.Оюунгэрэлийн тайлбараар бол Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойргийн иргэдийн хүсэлтийг харгалзан МИАТ-ийн захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ хоёрыг өмгөөлөн байр сууриа илэрхийлэх шаардлага гарсан аж. Учир нь энэ хоёр эрхэмийг хэлмэгдүүлсэн, хийгээгүй үйлдлийг нь хийсэн мэтээр харуулсан, торгууль төлбөрийг нь хүртэл шударга бусаар хувиарласан гэж сайд үзжээ. Тухайлбал дуулиант дайны эрсдлийн даатгалыг Ц.Орхон санаачлаагүй, гэрээг нь байгуулаагүй, дансыг нь нээгээгүй, мөнгөнөөс нь ч авалцаж байгаагүй гэж тайлбарлажээ. Гэхдээ мөнгийг шилжүүлэх гэрээнд хоёроос гурван удаа санамсаргүй байдлаар гарын үсэг зурсан нь хуулийнхны яллах үндэслэл болсон гэнэ. Харин Р.Бат-Эрдэнэ нисгэгчийн мэргэжилтэй байсны хувьд нислэгийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байснаас эдийн засгийн асуудлыг орхигдуулсан. ТУЗ, ТӨХ-ноос зөвшөөрсөн гэрээнүүдэд л гарын үсэг зурж байсан нь буруутгах үндэслэл болсон. Тэгээд ч Р.Бат-Эрдэнээс хураахаар шийдвэрлэсэн орон сууц нь 1999 онд худалдаж авсан, 2004 онд байгуулсан компанийн 25 хувийн эзэмшлийг төр авахаар болсон. Гэтэл МИАТ-ийн хэрэг 2007 оноос эхэлсэн. Өөрөөр хэлбэл хураах гэсэн хөрөнгүүд нь хэрэг эхлэхээс өмнө авсан зүйлс. Энэ нь хууль бусаар баяжаагүйн нотолгоо хэмээн сайд Ц.Оюунгэрэл ярьж явна.

Ийнхүү шүүхээр шийтгэгдсэн хэргийг задлахаар АН-ын нөлөө бүхий сайд хөөцөлдөж эхэллээ. Тэрээр шүүхийг шударга бус шийдвэрлэсэн гэж үзэх болов. Саяхан л АН-ынхан Монголын шүүх шударга гээд байдаг байсан даа. Одоо яагаад шударга бус хэмээн ярих болов? Тэр ч бүү хэл сайд Ц.Оюунгэрэлийн ярианаас хоёр зүйл онцгой анхаарал татна. Нэгд Ц.Оюунгэрэл “Залилан шүүхийн түвшинд ч гарч, мөнгийг нь, шийтгэлийг нь ч залилж хувааж байршуулаад байна гэсэн хардлага гэр бүлийнхэнд нь үүсчээ” хэмээн хэлсэн юм. Нөгөө нь“гэм буруугүйг нь нотлох хөдөлбөргүй баримт байсаар байтал шүүх үүнийг авч хэлэлцэхгүй, улстөржүүлсэн том хэрэгт хоморголон яллах шийдвэр гаргалаа” гэж дүгнэжээ. Сайд Ц.Оюунгэрэл залилан шүүхийн түвшинд байдаг гэсэн санааг цухалзуулж байна. Бас мөнгийг, шийтгэлийг нь ч залилж хувааж байршуулдаг гэсэн гэр бүлийнхнийх нь санааг олон нийтэд ил тод зарлаж байна. Мөн шүүхийг гэм буруугүй хүнийг, улс төржүүлсэн том хэрэгт хомроглон яллах шийдвэр гаргасан гэж тайлбарлах болов. Өөрөөр хэлбэл МИАТ-ийг улс төржүүлсэн хэрэг гэж АН-ынхнаас дуугарч эхлэв. Үнэндээ энэ асуудлыг АН-ынхан өөрсдөө л улс төржүүлсэн шүү дээ. МАН-ын үед ийм боллоо. Бид тул барьж байна. Авлигатай тэмцье. МАН-ынхан ийм авлигачид хэмээх суртал нэвтрүүлгийг өргөн хүрээтэй цацсан шүү дээ. Одоо тэгээд яагаад улс төржсөн хэрэг хэмээн ярих болов гэдэг анхаарал татаж байна.

Үнэндээ авлигал, хээл хахуулыг цэцэглүүлсэн хүмүүс Монголд олон бий. Түүгээр дамжуулан сөрөг хүчнээ намнах их аяныг АН-ынхан өөрсдөө л эхлүүлсэн. Тэгээд дараа нь хууль шүүхийнхнийг буруутгах гэж зүтгэх нь зохимжгүй.

Зарим эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар бол МИАТ-ийн бүх хэргийг МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Хоролсүрэнд тохоод 12.1 жилийн ял сонссон Р.Бат-Эрдэнэ, 11 жилийн ял сонссон Ц.Орхон тэргүүтнүүдийг хэргээс нь мултлах ажиллагаа эхэлсэн гэнэ. Ийнхүү МИАТ-ийн хэмээх дуулиант хэрэг задрах эхлэл тавигдлаа.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ