Ц.Cэдваанчиг: “Рио Тинто” зээл авахын тулд ҮАБЗ-д шахалт үзүүлсэн

“Оюутолгой”-н далд уул уурхайн ажил хойшилж, тус төслийн туслан гүйцэтгэгч компаниуд монгол ажилчдаа халахаас өөр сонголтгүй болсон. “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдваанчигийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг дуулиан ар араасаа өрнөв. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани Засгийн газар хооронд учир битүүлэг асуудлын талаар ажлаа өгөөд удалгүй орон нутгийг зорьсон Ц.Сэдваанчиг захиралтай утсаар холбогдон тодрууллаа.

-“Эрдэнэс Оюутолгой” компанийг ямар байхад нь очоод Та ямар хэмжээнд хүргэсэн талаарх мэдээллийг юуны өмнө авъя гэж бодож байна? -“Эрдэнэс Оюутолгой” бол “Эрдэнэс MGL” компанийн охин компани. Байгуулагдаад жил гаруй болж байгаа. Ажилчдынх нь тоо 20 хүрэхг үй, зээлээр санхүүждэг, хөл дээрээ тогтоог үй жижиг, нялх компани. Энэ компанийг удирдахдаа би боловсон хүчнээ чадваржуулах, мэргэшүүлэх юмсан гэж хичээсэн. Гол нь ажилчдаа “Оюутолгой” компанид ажиллаж байгаа боловсон хүчинтэй дүйх хэмжээний чадварлаг болгож байж тэнд монголчуудын эзэмшдэг 34 хувиа сайн удирдана гэж тооцсон.

-“Эрдэнэс Оюутолгой” хэдэн ажилтантай вэ?

-Намайг очиход 17 хүнтэй байсан бол ажлаа хүлээлгэж өгөх үед 16 байсан. Ер нь бол 2013 онд компанийг 22 хүний орон тоотой байхаар тооцон бүтэц, төсвөө батлуулсан. “Эрдэнэс Оюутолгой” олон хүн ажиллуулах төсөв санхүүгийн чадамж муутай. Цаашдаа энэ хэлбэрээр “Оюутолгой” төслийн 34 хувиа хянаж явна гэвэл компанийн төсөв, санхүүг баталгаатай эх үүсвэртэй болгох тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Нөгөө талаар толгой болоод охин компанид чадвартай боловсон хүчнийг ажиллуулан “Оюутолгой” шиг том төсөл хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшүүлэх ёстой.

-Эдийн засгийн хувьд бэхжээгүй ийм компанид улстөрийн ашиг сонирхол орж ирээд, захирлуудыг байн байн өөрчилдөг нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Үүнийг дагаад ямар нэгэн ашиг сонирхол нуугдаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөх юм?

-Ийм, тийм ашиг сонирхол явж байна гэж хэлж мэдэхгүй. Гол нь “Эрдэнэс Оюутолгой” компани хууль ёсны “Оюутолгой” төслийн 34 хувийн хувьцаа эзэмшигч. Тэр агуулгаараа том дарга нарт том дээвэртэй байшин шиг харагддаг байж мэдэх юм. Түүнээс биш компани нь өөрөө цаасан дээр бичигдсэн хуулийн этгээдээс цаашгүй шүү дээ. Гэхдээ дээр хэлснээ давтахад энэ компанийг илүү сайн бэхжүүлж байж л Монгол Улс “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувиа үр дүнтэй удирдаж, хяналт тавьж, төслийн үр өгөөжийг сайжруулах юм.

-Та “Оюутолгой”-н ордыг ашиглах хоёр талын гэрээний нарийн, ширийнийг сайн мэдэх цөөн хүний нэг. Үйл явдлаас харахад өнөөдөр талуудын нэг нь цоо шинэ шаардлага тавьж, хийсэн гэрээгээ задална гэж айлгадаг. Нөгөө нь “үгүй” гэж гүрийгээд монголчуудыг олноор нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэн бэлэг барьдаг арга руу шилжиж байх шиг. Барьцаа маягийн энэ зарчим хэр зохистой юм бол?

-Манайхан “Оюутолгой”-н гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурийг гэрээ байгуулсан цагаас хойш байнга илэрхийлж байгаа. Гэрээнд гарцаагүй сайжруулах, илүү тодорхой болгох учиртай зүйл заалт бол бий. Үүнд эргэлзэх шаардлага байхгүй. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна, засаж сайжруулна гэсэн зорилт тавьсан. Тэр агуулгаараа “Оюутолгой”-н гэрээг тойрсон маргаантай, эргэлзээтэй, олон асуудлыг сайжруулах ажил хийж байгаа. Хамтын гэрээ хэрэгжээд гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн эхний шат нь хэрэгжээд дуусчихлаа. Энэ хугацаанд зөндөө л юм гарсан. Амьдралын шаардлагаар зайлшг үй өөрчлөх ажил гарах юм байна. Тухайлбал, Монгол Улс “Оюутолгой” төслөөс ямар хугацаанд, ямар хэмжээний үр өгөөж, ашиг шим хүртэх вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байна. Үүнийг бид тодорхой болгож, гэрээ хэлэлцээртээ тусгаж, баталгаажуулж авахг үй бол болохгүй. Түрүүн би Шинэчлэлийн Засгийн газар энэ гэрээг сайжруулах зорилт тавьсан гэдгийг дурдсан. Би үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа үүний төлөө л ажилласан. Сайжруулах хаалга, үүдийг нь ч нээгээд өгчихсөн гэж бодож байгаа.

-Таныг “Рио Тинто”-д илгээсэн захидлынхаа хариуд ажлаасаа халагдах тушаал авсан гэх яриа өрнөж байгаа. Уг нь “Рио Тинто”-д захидал илгээх гэж байгааг Ерөнхий сайд мэдэж байсан гэсэн. Өөрийнх нь өгсөн үүргийг биел үүлсэн компанийн захирлыг Н.Алтанхуяг сайд яагаад ажлаас нь өөрчилсөн юм бол?

-“Рио Тинто” компани руу ямар агуулгатай захидал хэзээ явах гэж байсан бэ гэдгийг Ерөнхий сайдаас эхлээд манай сайд, дарга нар бүгд мэдэж байсан. -Тэр захидал ямар утга тээсэн, ямар учиртай захидал байсан юм бэ? -Энэ захидал угаасаа явах ёстой захидал байсан. “Рио Тинто” компани энэ наймдугаар сарын дундуур арилжааны арав гаруй банкнаас зээл авах эсэхээ шийдэж хариу өгөх учиртай байсан. Банкуудад хариу өгөхийн тулд “Рио Тинто” манай Засгийн газраас нэмэлт санхүүжилт авахыг дэмжсэн захиа авахыг сүүлийн хэдэн сар шаардаж, тэр захиаг ҮАБЗ-ийн нэр дээр авахаар төслийг нь бэлтгэн ирүүлж ч байсан. Гэвч “Рио Тинто”- гийн хүсэлтийг дэмжсэн захидал явуулахад Засгийн газарт бэлэн биш байсан. Тийм учраас нэмэлт санхүүжилтийн хүлээн авах боломжгүй нөхцөлүүдээ холбогдох хууль болон гэрээ, техник, эдийн засгийн үндэслэлтэй холбон тайлбарлаж, энэ захидлыг “Рио Тинто” компани руу “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын хувьд намайг явуул гэсэн үүрэг өгсөн юм.

-Таныг ажлаас халах тушаалд “Рио Тинто”-д илгээсэн захидлаас болсон тухай өгүүлбэр дурдагдсан уу?

-Тушаалд зөвхөн үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэсэн байгаа.

-Та ажлаас халагдсан шалтгаандаа тайлбар хайх оролдлого хийв үү. Тухайлбал, Та Ерөнхий сайдтай уулзаж, захидлын талаар яриа өрнүүлсэн үү?

-Ярьсан. Намайг ажлаас чөлөөлөх шийдвэр ҮАБЗийн албан бус хурал дээр Оюутолгойн асуудлыг ярих үед гарсан юм гэсэн. Шийдвэр тэнд гарсан юм байна гэж би ойлгосон. Тэр түвшинд яригдсан учраас энэ албан тушаалтай зууралдаад яах юм гэж шийдээд ажлаа өгсөн.

-Уучлаарай, Засгийн газар “Рио Тинто”-г тайвшруулахын тулд таныг зайлуулсан болж таараад байх шиг?

-“Рио Тинто” намайг “Эрдэнэс Оюутолгой”-гоос холдуулах хүсэлтийг том дарга нарт тавьж, манай дарга нар түүнийг нь хэрэгжүүлээгүй байгаасай гэж би залбирч яваа шүү дээ.

-Танд ажлын санал ирсэн үү?

-Ийм санал ирээгүй.

-Таныг ажлаас чинь үндэслэлгүйгээр халсан юм биш үү. Тиймээс хуулийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх арга зам хайх уу?

-Надад ийм бодол алга. Яахав, эхний үед намайг “Рио Тинто” далд уурхайгаа зогсоож, олон хүн ажилгүй болсонд буруутгаж байгаа юм болов уу гэж ойлгосон. Би асуудлыг дан ганцаараа шийдээд, гэрээ хэлэлцээр урагшлуулахгүй байх хэмжээнд хүргэсэн бол хариуцлагаа хүлээгээд, ажлаа өгч болно. Төрийн ажил зогсолтгүй урагшилж байх ёстой. Улс, эх орны эрх ашгийг сөрөх эрх надад байхгүй. Гэвч хэрэг явдлын ганц буруутан Сэдваанчиг гэдэг хүн мөн үү, биш үү гэдэг нь өөрөө сонирхолтой асуудал. Ганц хүнээс болоод нэг компани ажлаа зогсоож, ажилчдаа цөөлнө гэдэг яаж ч бодсон байж боломгүй хэрэг л дээ.

-“Оюутолгой”-н удирдлага манай Засгийн газар хоорондын холбоо сүлбээ, ил далд хэлэлцээрийг мэдэх хүний нэг нь та. “Оюутолгой”- д Монголын нөлөө бүхий улстөрчдийн сонирхол шингэсэн, тэд “Рио Тинто”- гийн барьцаанд байдаг гэх тоймгүй хардлагууд бий. Энэ хардлага үнэн байж мэдэх хандлага танд ажиглагдсан уу?

-Ийм хариуцлага нэхсэн асуултад баримтгүйгээр, хариуцлагагүй хариулт өгч болохгүй.

Д.ОТГОНЖАРГАЛ

ӨНӨӨДӨР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ