13 давхраас найз охиноо шидсэн гэх О.Боргилын хэрэг шүүхэд шилжжээ

    Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах Мандала хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Тухайн үед, талийгаач найз залуу 25 настай О.Боргил гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж хохирогчийн ар гэрийнхэн үзэж байгаа юм.

Энэ талаар, охины аав Д.Сүхжаргал хайртай охиныг нь амьдралын ханиа гэж сонгосон найз залуу нь 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл, тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжжээ. Тодруулбал, О.Боргилыг Эрүүгийн хуулийн 10.1.2.8 "...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг санаатай алах.." гэснийг үндэслэн буруутган тус хэргийг 2019.08.30-ны өдөр шүүх рүү шилжүүлсэн байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Ц-г түүний найз залуу О.Боргил хөл, гарыг нь хугалчхаад цонхоор шидэж, амь насыг нь хохироосон гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ