Д.Асардарь "Анхны гол дүр маань театрын үндсэн ажилтан болсны нэг жилийн ой дээр тохиож байна"

Улсын драмын эрдмийн театрийн энэ оны гурав дахь шинэ уран бүтээл “Надтай үлдээч” уянгын драмын жүжиг энэ сарын зургааны өдөр нээлтээ хийхээр болсон. Тус жүжгийн зохиолчоор О.Элбэгтөгс, ерөнхий найруулагчаар А.Чингүн нар тус тус ажилласан байна. Жүжгийн гол баатрууд болох Хосбаяр, Нандин нарын дүрийг Залуу жүжигчин Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар бүтээжээ.
Жүжгийн найруулагч А.Чингүн “УДЭТ гурван цагийн хэлхээн дотор оршдог. Зөвхөн залуучууд өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээр аливаа зүйлийг хийхээс гадна ахмад үеэсээ туршлага авч, тэдний зааж зөвлөснөөр уран бүтээлээ туурвиж үзэгчиддээ хүргэх гэж байна. Хамгийн гол зүйл нь бид өнөөдрийн нийгмийн өнгө төрөх дотроос хайр сэтгэл хэрхэн торлогдож, тэрийг давж гарахын төлөө залуусын хүсэл тэмүүлэл, дотоод мэдрэмж, дуу хоолой болж энэхүү жүжгийг бүтээж байгаа юм. Хэн нь хэндээ “Надтай үлдээч” гэж чин сэтгэлээсээ хэлэх бол гэх жүжгийн нууцыг үзэгчид маань ирж үзсэнээр мэдэх боломжтой”гэв.
Тус уран бүтээлийг нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газартай хамтран бүтээжээ.
Надтай үлдээч жүжгийн эмэгтэй гол дүр болох Д.Асардарьтай ярилцлаа
-Та хамгийн анхны гол дүрээ бүтээж байгаа гэсэн. Залуу хүний хувьд тайзны гол дүр гэдэг их чухал байх?
Баярлалаа. Мэдээж маш их баярласан. Гэхдээ үүнийг дагаад өөрийгөө маш том үүрэг хариуцлага хүлээж байна гэж ойлгож байгаа. Хамгийн анхны гол дүр яах бол гэсэн айдас ч байсан.
-УДЭТ-т анх ямар дүр бүтээж орж байв?
УДЭТ-ын албан ёсны гишүүн болоод нэг жил болж байна. Анх шалгалт өгөөд хоёр жил студи ангийн жүжигчин гэж явсан. Театрт жинхлэх шалгалтаа “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрийг бүтээж өгч байсан. Анхны гол дүр маань театрын үндсэн ажилтан болсны нэг жилийн ой дээр тохиож байгаа.
-“Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн тухай яривал?
Манай жүжгийн хувьд одоогийн нийгмийн өнгө төрхийг залуусын хайр сэтгэлээр илэрхийлсэн. Мөн бидний гэр бүл, найз нөхдийн хооронд амьд харилцаа үгүй болж тэр тусмаа залуус бараг л фэйсбүүкээр хосоо харж сонгодог болчихсон байна. Дан ганц залуус ч гэлтгүй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ төдийлөн ярилцахаа больчихсон, өөрсдийн хүслээр байлгахыг хүсэж байгаа гэх мэтчилэн асуудлуудыг хөндөж гаргаж байгаа.
-Бодит амьдрал дээрх Асардарь гэх эмэгтэй нь зан ааш, үзэл бодол жүжгийн дүртэй хэр ойр байсан бэ?
Ерөнхийдөө төстэй. Би амьдралдаа их өөдрөг байхыг хүсдэг. Маргаашийг хүлээгээд өнөөдөр уйтгарлах уу, Эсвэл өнөөдөртөө зүтгээд, маргаашийг сайхнаар бүтээх үү гэдэг. Би бол өнөөдөр хичээж маргаашаа гоё байлгахыг хүсдэг. Жүжиг дээрх Нандин гэх бүсгүйн дүр ч мөн адил амьдралд бууж өгөх дургүй, гал цогтой бүсгүй нь тухай гардаг.
-Надтай үлдээч жүжиг маань мэдээж бас хайр дурлалын талаар өгүүлсэн байгаа шүү дээ. Таны хувьд хайрыг юу гэж боддог вэ?
Хайр гэдэг бол маш том агуулгатай зүйл. Амраг хосын харилцаанд гэвэл би өөрийгөө хайр дурлалд их нухацтай ханддаг гэж боддог. Гэхдээ хэзээ ч төсөөлөөгүй хэн нэгэн чиний амьдралын чухал орон зайг эзэлж болох шүү дээ. Тэгэхлээр энэ тал дээр ийм тийм гэж ам гарах хэцүү.
-Таны цаашдын зорилго юу вэ?
Юун түрүүнд энэ жүжгийнхээ ард амжилттай гарахыг л хүсч байна. Илүү их хичээж маш олон сайхан жүжигт дүр бүтээж, үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болохыг л зорьж байна даа.
Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой. Хосбаяр, Анужин хоёр жил үерхэж хамт амьдарсан хосууд. Харин тэр хоёр ялихгүй нэг хэргээс болж түр хугацаагаар хоёр тийшээ болсон байлаа. Яг энэ үед Хосбаяр санамсаргүй тохиолдлоор Нандин бүсгүйг гэртээ авч ирж хонуулснаас болж ээдрээт явдлын эх үүсвэр тавигдана.
Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ