Олон тооны шувуу үхсэн нь гоц халдварт өвчнөөс болоогүйг тогтоожээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл онцгой байдлын албаныханд өгсөн байдаг. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 3, Мал эмнэлэг үржлийн газрын 1, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 9, нийт 22 алба хаагч, 5 автомашинтай) энэ сарын 01-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байна.
Улмаар үхсэн шувуу болон хөрс, уснаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжилгээнд ирүүлж, үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Өчигдөр шинжилгээний урьдчилсан хариу гарчээ. Тодруулбал гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээлсэн байна. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ