Жижиг дунд үйлдвэрээс ч илүү их ашиг олдог

Өдрөөс өдөрт цахим ертөнц хөгжиж буй өнөө үед өсвөр насны залуус интернет тоглоом сонирхож тоглон сүүлдээ донтох тохиолдол ихэссээр байгаа. Энэ онд л гэх манай улсад цахим тоглоомын донтолтоос болж 50 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн судалгаа байдаг аж.
Мөн эмчлүүлж байгаа хүүхэд цөөн боловч цаана нь мэдэгдэхгүй, эмнэлэгт хандаагүй өвчтөн олон байгаа гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн компьютер тоглоомд донтох гол шалтгаан нь өсвөр наснынхны сониуч зан, мөн удаан хугацааны стресс нөлөөлж байдаг. Монголд сүүлийн таван жилд өсвөр насныхан “Коунтор Страйкер”, Дота' PUBG, Mobile гэх тоглоомыг ихээр тоглож буй нь гэмт хэрэгт ихээхэн холбогдох болсны шалтгаан байдаг.
Одоогоос таван жилийн өмнө манайд компьютер тоглоомыг сонирхон, тоглож эхэлсэн бөгөөд донтогсод харьцангуй бага байсан билээ. Харин одоо интернэт тоглоомын газрууд хаа сайгүй болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд донтож, дэлхийн хэмжээнд онц аюултай гэгдэх болсон сэтгэцийн өвчнөөр өвчлөх болсон нь харамсалтай.
Интернет тоглоом, донтолтын талаар эмч нараас тодруулахад “Дэлхийд 1996 оноос эхлэн “Интернэт донтолт” гэгч зүйл бий болж байгаа талаар олон улсын сэтгэцийн эмч нарын хурал дээр хэлсэн байдаг. Манай улсад 2000 он гарснаар энэ төрлийн эмгэг бүртгэгдсэн байдаг. Ингээд жил ирэх тусам энэ төрлийн эмгэгээр үзүүлэх, зөвлөгөө авах хүүхдийн тоо нэмэгдсэн. Харин сүүлийн таван жил энэ байдал эрс өссөн. Өмнө нь жилд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол сүүлийн таван жил энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Энэ зөвхөн хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо. Гэтэл амбулаториор зөвлөгөө аваад, эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийн тоо үүнээс ч олон байна гэв.
Сүүлийн тавдугаар сард гаргасан статистик тoo баримтаас үзэхэд хурц хэлбэрээр донтсон 18 хүүхэд эмчлүүлсэн бөгөөд өмнөх онд 50 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлж байжээ. Хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж тэмдэг нь худлаа ярих, хулгай хийх, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, мансуурах байдлаар илэрдэг гэнэ.
Хамгийн эмгэнэлтэй нь хүүхдүүд цахим тоглоомонд донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг болдог байна. Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага насны болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд цахим тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Бид Сүхбаатар дүүрэгт ээлж дараалан байрлах олон тоглоомын газруудаас нэгийн сонгоод ортол Хажуугаар дайрчих шахам өнгөрсөн хэдэн залуус “Новш гэж 15 минут хүлээх нь” гэх мэтээр үглэн зөрөв. Одоогоор энэ тоглоомын төвд дахин үйлчлүүлэгч авах боломжгүй болтлоо дүүрчээ. Гэсэн ч суудал хэдийд ч гарах магадлалтай тул горьдлого тээсээр шавааралдан хүлээсээр. Тэд нэгцагт 1000 төгрөг төлдөг байна. Харин VIP өрөө байдаг талаар бас нэг хүү хэлэв. Тэнд нь тогловол цагийн хөлс нь 1500 төгрөг. Үйлчлүүлэгчдийн насны хувьд 18-21 насныхан ихэвчлэн тоглодог бол оройн цагаар илүү настай буюу 30-40 насныхан орж ирж тоглодог гэв. Эндхийн үйлчлүүлэгчид нь өөр өөрийн сонирхлоороо тоглоомоо сонгоод тоглодог аж. Гэхдээ ихэвчлэн mobile, Pubg хэмээх тоглоомын тав, таваараа онлайнаар нэгдэж хэн нэгнийхээ төвийг түрүүлж устгах зорилготой тоглоомыг тоглодог гэнэ. Эндэхийн үйлчлүүлэгчид хонж өнжих өлсөж, цангахын зовлонг амсахгүйгээр тоглох боломж бүрэн бүрдсэн нь лангуун дээр нь өрөөстэй ус, ундаа , бургер, гоймон харагдаж байна. Энэ тоглоомны газар агааржуулалт хийгээд ариун цэврийн хувьд сайн гэдгийг эзэн нь хэлж, мөн тэрээр “ Зарим тоглоомын газрууд агааржуулалт муу, тамхи татах өрөөгүй, ганцхан үйлчлэгчтэй. Тэр нь өглөө л ганц цэвэрлэдэг бол манайх гурван үйлчлэгчтэй. Мөн бүх хэсэгтээ бүрэн хяналтын камертай” хэмээн бахархан ярилаа. Арга ч үгүй биз. Багахан жижиг дунд үйлдвэрээс ч илүү их ашгийг ирээдүйн эздийн халаасыг сэгсэрч амархан олж байгаа болохоор.
Тоглоомын төвүүдэд 11 насаас доош хүүхдийг тоглуулахгүй байх, хоёр цагаас дээш хугацаагаар тоглуулахгүй байх, үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг зохицуулж өгсөн байдаг ч энэ журмыг мөрдөхгүй, ашгийн төлөө ажиллаж, удаан хугацаагаар хүүхдийг тоглуулж донтох нөхцөлийг бүрдүүлж байна. Бас нэг том асуудал бол эцэг эхчүүд хүүхдээ харахаас төвөгшөөж сатааруулах амар арга болгож гар утсаа өгснөөр бас донтолуулж байдаг байна. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд нийт 400 орчим зөрчилд хариуцлага тооцсон байна. Удаа дараа зөрчил гаргасан газруудын үйл ажиллагааг цуцласан аж.
Залуус интернет тоглоом тоглох мөнгөө олохын худлаа ярьж, хулгай хийх, зэрэг гэмт хэрэг үйлдэх эрсдэлд орж байна. Үнэхээр эрүүл саруул үр хүүхэд төрүүлж өсгөчхөөд, цахим тоглоомын харгайгаар эрэмдэг зэрэмдэг болгочихвол хэчнээн харамсалтай вэ. Өнөөдөр завгүй хэмээж ирээдүйн уршгийг битгий тариарай
У.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ