Хятад гутал өмсөхөөс татгалзсан америк цэрэг дуулиан тарив

Америкийн армийн ахлах түрүүч Стивен Адачи өөрт нь олгосон цэргийн дүрэмт хувцасны бүрдэлд орсон гутлыг өмсөхөөс татгалзсанаас болоод үүссэн дуулиан хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ.
Түүний алба хааж байсан ангийг Афганистан руу явуулахын өмнө Хавайн аралд байрладаг агаарын цэргийн хүчний бэлтгэл түрүүч Адачи өөрт нь олгосон гутлыг хүлээн авахдаа Хятадад үйлдвэрлэснийг мэджээ.
Адачи захирагч нартаа гомдол гаргаж, Хятадад хийсэн гутал өгсөнд тэдний анхаарлыг хандуулан АНУ-д үйлдвэрлэсэн цэргийн гутал өмсөхийг шууд хүсчээ.
Гэтэл түүнд Америкт үйлдвэрлэсэн гутал авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Агаарын цэргийн хүчний командлал түрүүч Адачийг хатуу донгодож, түүнд хэрэг нээж, улмаар цол бууруулах, халагдсаны тэтгэмж олгохгүйгээр америкийн армиас бүрмөсөн халж мэдэхээр байна.
Америкийн конгрессын мөрдөгчид цэргийн ерөнхий сургагчаар дамжуулан агаарын цэргийн хүчний командлалтай хамтран одоо энэ хэргийг судалж байгаа ажээ.
Харин өөрийн алдааг хүлээхгүй бол Адачийг “тагнуулч юмуу мэдээлэгч хэмээн гүтгэхэд бэлэн гэдэгт” Адачи өөрөө огт эргэлзээгүй байгаа бөгөөд хэргийг хэлэлцэх явцад тэр захирагч нартаа үүнийг анхааруулжээ.
Адачи өөрт нь америк хийцийн гутал өгөхийг хүсэхдээ, цэргийн 1933 тоот захирамжийг үндэс болгосныг сүүлд нь агаарын цэргийн хүчний командлал хүлээн зөвшөөрсөн байна.
Гадаадад үйлдвэрлэсэн гутлыг хилийн чанадад биш, харин АНУ-ын нутагт л өмсөхийг зөвшөөрнө гэж уг захирамжид дурджээ.
1933 тоот захирамжийн дагуу өөрт нь олгох ёстой тэр гутлыг олгохыг би шаардсаар байгаа нь буруу биш гэж Адачи тайлбарласан байна. “Цэргийн хувцсыг гадаадад үйлдвэрлэж буй шалтгаанаар одоо америкийн хичнээн ажилчин ажилгүй байгааг та нар төсөөлж чадахгүй.
Хятадад үйлдвэрлэсэн гутал өмсчихөөд байлдааны ажиллагаанд оролцох нь надад аятайхан санагдахгүй. Энэ нь эх оронч үзлийн тухай ярьж байгаа хэрэг. Энэ нь 60 гаруй жилийн өмнө гаргасан тов тодорхой захирамжийн тухай ярьж байгаа хэрэг. Америкчуудын хийсэн дүрэмт хувцас өмсөх ёстой америк цэргийн тухай” гэж тэр америкийн нэг сонины редакцид илгээсэн захидалдаа бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ