АНУ Сири рүү дайрахад бэлэн болжээ

АНУ-ын цэргийн хүчнийхэн Сири улс руу нэвтрэн ороход бэлэн болсон тухайгаа мэдэгдэж байна. Цэргийнхэн гагцхүү ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалыг хүлээж байгаа хэмээн тус улсын Батлан Хамгаалахын сайд Чак Хагел мэдээлэв.
Цагаанордноос өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сири рүү цэргээ оруулж болзошгүй нөхцөлд хүрсэн тухайгаа мэдээлж байсан. Түүнээс гадна өнгөрсөн өдрүүдэд Сирийн асуудлаар томоохон улсууд уулзаж хэлэлцсэн. Их Британийн ерөнхий сайд Девид Кемэрон ч бас улсынхаа байр суурийг илэрхийлж олон хүний амь насанд хүрч цус асгаруулсан энэ хядлага болж байхад гар хумхин зүгээр суух бодолгүй байгаагаа ч хэлсэн юм. Түүнчлэн Сирийн асуудлаар Голландын ерөнхийлөгч санал бодлоо илэрхийлсэн бөгөөд “ Хүмүүсийг үй олноор нь устгасан этгээдүүдийг шийтгэхэд бэлэн, тохирсон ял зэмийг хүлээлгэх хэрэгтэй” гэсэн байна.
Өнгөрсөн 21-ны өдөр Сирийн нийслэл Дамаск хотод химийн хортой зэвсэг ашиглан олон хүн нэг дор амь насаа алдсан. Энэ хэрэгт АНУ болон НҮБ Сирийн засгийн газрыг буруутгаж байгаа. Үүнийгээ ч нотолж өчигдөр мэдээлэл хийн Сирийн засгийн газар босогчдын эсрэг химийн хорт зэвсэг ашигласан нь гарцаагүй болсон хэмээн мэдэглсэн билээ.
Сири улсад гурван жил орчим үргэлжилж буй иргэний дайны золиос болон 100 мянга гаруй хүн амь насаа алдаж сая сая хүн бусад улс орон руу дайжсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ