АНУ пүрэв гаригт Сирид пуужингийн цохилт өгнө

Америкийн телевизийн NBC суваг АНУ-ын эрх баригчдын нэрээ нууцлахыг хүссэн төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа, энэ пүрэв гарагт Сирид пуужингаар цохилт өгөхөөр төлөвлөлөө хэмээн өчигдөр мэдээлжээ.
Тэр төлөөлөгчийн дурдсанаар, цохилт гурван өдөр үргэлжлэх бөгөөд хязгаарлагдмал цар хүрээтэй байх ажээ.
Башар Ассадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа хэдэн өдрийн дараа эхлэнэ гэдгийг өрнөдийн орнууд Сирийн сөрөг хүчнийхэнд анхааруулсныг Ройтерс агентлаг мөн уламжилсан байна. Англи, Франц болон Америкийн дипломатчид наймдугаар сарын 27-нд Сирийн сөрөг хүчний удирдлагатай уулзахдаа энэ тухай ярьжээ.
Сирийн дэглэмийн зүгээс химийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлэх нь уг ажиллагааны зорилго байх болно гэж өрнөдийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Ингэхдээ Сирийн сөрөг хүчнийхэн агаараас цохилт өгөх цэгүүдийн жагсаалтыг өрнөдийн түншүүддээ өгсөнийг мөн дурджээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл BBC News-т ярилцлага өгөхдөө, бид Сирийн засгийн газрын цэргийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхлэхэд нэгэнт бэлэн бөгөөд дээд ерөнхий командлагч Барак Обамагийн зохих тушаалыг хүлээж байна гэж мэдэгджээ.
Сирийн засгийн газар өөрийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь америкийн удирдлагад “бүрнээ тодорхой байна” гэж батлан хамгаалах байгууллагын тэргүүн хэлжээ.
Харин Сирийн засгийн газрын зүгээс наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, үүний улмаас олон зуун хүн амь үрэгдсэнд буруутай гэдгийг няцааж байна. Үүнээс гадна, тус улс гаднаас түрэмгийлэл үйлдвэл, хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ