Хятадад 116 настай эмэгтэй аж төрж байна

Хятадын дээд амжилтын номонд бичсэнээр, тус улсын Сычуань мужид аж төрж байгаа эмэгтэй манай гаригийн хамгийн өндөр настай нь болж байна. Тэр 1897 оны долдугаар сарын 19-нд төрсөн бөгөөд энэ зун 116 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүнийг Фу Шуцин гэдэг бөгөөд тэднийх таван үеийн 60 гаруй ам бүлтэй гэнэ.

Одоо тэр хотын Тайпин тойрогт том охинтойгоо хамт байдаг. Тэр эрүүл саруул ч, сонсгол нь тааруухан ажээ.

Өөрөө хоолоо идэж, түүгээр ч барахгүй хувцсаа угааж чаддаг гэж түүний ач, гуч нар ярьж байна.

“Түүний бие эрүүл саруул байгаагийн нууц нь өгсөн хоолыг идэж, биеийн дасгал хийж, хамгийн гол нь тайван байж, хэзээ ч уурлаж уцаарлаж байгаагүй явдал юм” гэж Фу эмээгийн нэг ач ярьжээ. Тэр төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэж байгаагүй бөгөөд гуравдугаар сард дээд амжилтын номонд бичигдсэнийхээ дараа энэ уламжлалыг өөрчилж, төрсөн өдрөө тэмдэглэж байхаар шийдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ