Зам ачаа тээдэг

Машин ачаа тээдэггүй, зам тээдэг гэсэн үг байдаг. Шинэ зууны ууган бүтээн байгуулалт Мянганы замыг Мянгуужингийн үлгэр болно хэмээн билэггүй амлаж байсан ч одоо ид шидийг нь үзэж байна. Энэ бүтээн байгуулалтын хаялгаар хот хөдөөгүй зам барилгын ажил өрнөж, там болсон замыг газар сайгүй засч эхэлсэн. Харин аль 1998 онд батлан гаргасан Автозамын тухай хууль их хөлийн ая даахааргүй болжээ. Ялангуяа замын байгууламж барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглах, санхүүжүүлэх, хянах болон төр, зам ашиглагч байгууллага, иргэний хоорондох харилцааг тухай бүрт нь зохицуулахад хөгжлийн алхааг гүйцэхгүй байна.
Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дундаа уул уурхай, хотжилт, дэд бүтэц, хүн амын төвлөрөл, чөлөөт бүсийн асуудалд замын хоцрогдол томоохон саад болж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болов. Ашигт малтмал, газрын тосны олборлолт эрчимтэй явагдаж буй орд газар орчмын нутгийн байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хүнд даацын машин механизмын гарын ая даах замын төрөл, ангиллын стандартыг шинэчлэх цаг болжээ. Тамсагийн нефтийн цооногийг дагасан хайгуулын олон салаа зам Мэнэнгийн талыг хэрчиж, өмнийн говийн Тавантолгой, Нарийнсухайт, Ухаахудагийн нүүрс тээврийн шороон замууд говийн бага дархан цаазат газрыг чухамдаа там болгож хувиргав. Энд “Энержи ресурс”-ийн охин компани “Говийн зам”-ын концессын гэрээгээр барьсан засмал зам жолооч нарын хүслэн болсон ч хяслан багагүй байна. Хэн дуртай нь бус, хэн мөнгөө төлсөн нь үүгээр давхиж болдог. Улсын автозамын санг олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэхтэй холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах шаардлагатай байна.
Зам дагаж амьдрал өрнөдөг. Гэтэл асар их өртгөөр баригдсан замын байгууламжийг эвдэж сүйтгэх явдал тасрахгүй гардаг. Аль нэгэн анхааруулах дохионы тэмдгийг үгүй хийснээс ямар ч осол аваар гарч болохыг үгүйсгэхгүй. Мөн замын зурвас газрын хэмжээг өөрчлөх, тэнд барилга байгууламж барих, үйлчилгээ явуулах байдал эмх замбараагүй байна. Иймээс нийтийн эрх ашгийн үүднээс тусгай зөвшөөрөлгүй автозам, замын байгууламж барих, засварлах, зураг төсөл боловсруулах ажил эрхэлсэн иргэнийг дорвитойхон торгож шийтгэх нь зүйтэй. Түүгээр ч зогсохгүй замыг эвдэж гэмтээсэн иргэнийг дор хаяж 50-100 мянга, байгууллага, аж ахуйн нэгжийг хагас саяаас дээш төгрөгөөр торгож хариуцлагыг ухамсарлуулах хэрэгтэй хэмээн иргэд ярьж байна. Ингэхгүй бол замд учруулсан эвдрэл гэмтлийг засч босгох зардлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин амьдрал дээр дутагдаж байгаа нь нууц биш.Гэхдээ зориуд эвдэж сүйтгэн ашиглах боломжгүй болгосон хувь хүнийг торгуулийн арга хэмжээнээс гадна эрүүгийн хариуцлагад татаж болмоор санагдана. Намрын чуулганы төгсгөлийн үеэр эрхэм гишүүн Ж.Батзандан тодорхой тооны иргэн нэгдэн нийлж хууль санаачлах эрх зүйн орчныг бий болгох санал дэвшүүлж байсан нь ийн эргэцүүлэхэд хүргэв.
Манай улс 1987 онд “Замын хөдөлгөөний тухай”, “Замын дохио тэмдгийн тухай” Венийн конвенцид нэгдэн орсон. Иймээс автомашины бүх жин, нэг тэнхлэг дээрх ачаалал болон оврын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарсан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийтийн хэрэгцээний зам ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Гэтэл нийслэл хотын доторхи замд барилгын материал ачсан хүнд даацын машинууд өдөр шөнөгүй холхиж, орон сууцны хорооллын хэврэг замыг амархан эвдэж байна. Мөн уул уурхайн өшигт малтмалын тээврийн ажил эрхлэн гүйцэтгэдэг компаниуд тээврийн хэрэгслийн даац, нэг тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэх санал гаргаж байна. Гэсэн ч одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нийтийн хэрэгцээний замд уг саналыг хүлээн авах боломжгүй. Зөвхөн нийтийн хэрэгцээний бус тусгай зориулалтын замаар тогтоосон маршрутын дагуу 44 тонноос давсан хүнд даацын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх боломжтой юм байна.
Иймээс шинэ стандарт шаардагдаж байгаа юм. Ялангуяа олон улс, улсын чанартай автозамын зурвас газрын өргөн 100 метр, нийслэл, орон нутгийн чанартай автозамын зурвас газрын өргөн 60 метр байхад тохиромжтой. Тухайн автозамын болон газар нутгийн онцлогоос хамааран дээрх замын зурвасын өргөнийг автозамын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай бол аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож болох юм байна. Хотын замын ачааллын 30-35 хувь төмөр замын гарман дээр төвлөрч, хааш хаашаа замын түгжрэл үүсдэг учраас Нарны гүүрэн зам тавьсан нь нийслэлийн автозамын ачааллын нягтралыг мэдэгдэхүйц багасгасан. Иргэд ч ам сайтай байгаа. Одоо “Нарантуул” захын орчмоор горьдож л сууна.
Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, Хөгжлий банкны хөрөнгө оруулалтаар 145 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр нийслэлийн гол гудамж, автозам, хорооллын доторхи зам болон нүхэн гарцуудад 15,5 тэрбум төгрөгийн засвар арчлалтын ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ. Шинээр 38 км зам барих ажил эхэлж, 14,4 км автозамыг ашиглалтад оруулна. Өргөтгөл шинэчлэлтээр 87 км замын ажил эхэлж, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км зам зэргийг нэрлэж болно. Мөн Сэлбэ, Дунд голын гүүр, Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн автозам дахь 99.2 метр урт гүүрийг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулах юм байна. Цаашилбал зургаан дүүрэгт явган хүний гүүрэн гарц, “Баянмонгол” хороололд автомашины нүхэн гарцыг шинээр барьж, Сөүлийн гудамжны “Гранд Плаза”-гийн уулзвар, Олимпийн гудамжны Гэндэнгийн уулзвар зэрэг хэд хэдэн уулзварыг өргөтгөж шинэчилнэ. Түүнээс гадна баруун болон зүүн дөрвөн зам, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцлууд, ЗЦГ-ын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц, Зайсангийн 224 метр урт гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг хөрөнгө оруулалтын ажилд тусган хэрэгжүүлж байсан хэдий ч 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны замтай уялдуулах үүднээс дээрх ажлуудыг түр хугацаагаар зогсоогоод байна.
Манайхан аль ч улсад хоцрогдсон нөхөөс тавих аргаар хотын замыг засдаг нь тун богинохон насалдаг. Энэтхэг зэрэг оронд битум хучилтыг давхарлаж тавьсаар бараг хажуугийн хашлагатайгаа чацуу шахам болсон байдаг. Малайзад өөрийн хөрөнгөөр тавьсан замынхаа ашиглалтыг тухайн компани хариуцаж, тээврийн хэрэгслүүдээс татвар авч, засвар арчилгааны ажлыг гүйцэтгэдэг нь төрийн байгууллагын нуруун дээрх ачааг хөнгөлдөг байна. Тус улсад автозамын ашиглалтын хугацааг 30 жилээр тогтоож, түүнээс цаашхи засварт улсаас зохих хөрөнгө оруулдаг хуультай. Зам барилгын ажил хэдийгээр өртөг зардал ихтэй боловч зардлаа амархан нөхдөг талтай. Манай улс 2010 онд гэхэд энэ салбарт 45,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан авч чанарын талаар тун маруухан байна. Ямар сайндаа манай дарга нар өргөнөөс нь хасаад, танай дарга нар зузаанаас нь танаад гэсэн явган яриа хятад ажилчдын дунд гарч байхав.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар автозамын арчлалт, хамгаалалтыг тогтмол гүйцэтгэх, замын засвар, арчлалтын хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, зураг төсөл зохиох, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын хяналт тавих зэрэг зөвлөхийн үйлчилгээгээр хангах, норм, нормативыг боловсруулах, батлах, тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах, зам барилгын материалын үйлдвэрлэл зэрэг асуудлыг зохицуулах асуудал тулгамдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ