Н.Дашзэвэг: Монголбанк гал дээр тос нэмэхийг ёстой нэг хийсэн дээ

Оюутолгойн асуудлаар болон ам.долларын ханш өсч, эдийн засгийг тогтворгүй болгож байгаатай холбогдуулан эдийн засагч Н.Дашзэвэгийн байр суурийг сонслоо.
-Монгол орны баялгийг үр ашиггүй, өгөөжгүй ашиглаж байгаа явдалд харамсалтай байдаг. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалтыг өөрчилвөл манай иргэний нийгмийнхэн, эрдэмтэд, янз бүрийн хүмүүс босож тэмцэх байх гэж бодож байна. Ер нь Оюутолгойн гэрээг өөрчилж, завсар оруулах хэрэгтэй. Завсар оруулахыг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолд заачихсан байдаг. Харин тэр заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсан нь бидэнд алдагдалтай байгаа юм. Тэгэхээр УИХ өөрийнхөө 40, 57 дугаар тогтоолыг гэрээнд нөхөж оруулах талаар гишүүд ажиллах байх. Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй гишүүд Уул уурхайн түр хороо байгуулсан. Тэдгээр гишүүд нэлээд тэмцэлдэх байх болов уу гэж бодож байна.
-Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэхээр “Рио Тинто”-гийн саналыг хүлээж авсан гэх нь бий?
-Оюутолгойн гэрээг хийлцсэн гол хүнийнэг нь Н.Алтанхуяг. Н.Алтанхуяг, С.Баяр хоёр МАНАН-гийн Засгийн газарт байхдаа энэ хэрээг хийлцсэн. Тухайн үеэд энэ хүмүүс гадаадынхны нөлөөлд автаж, авлигал авсан уу яасан. Одоо бантаад хөдөлж чадахгүй байна гэсэн бодол бий. Тийм учраас Засгийн газрыг шинээр байгуулаад, цоо шинэ хүмүүс гаргаж ирээд тэд “Рио Тинто”-той гэрээ хэлцэл хийвэл айхгүй. Нөгөөтэйгүүр зоригтой, ард түмнийхээ талд зогсох байх. Тэгэхгүй байж байгаад магадгүй С.Баярцогт шиг хэргээ нэг, нэгээр сэтгүүлчээр дамжуулаад илрүүлээд, түүнийгээ унагах гэж байх вий гэсэн бодол толгойд орж ирээд байна.
-“Рио Тинто”-гийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа нь Монгол Улс эрхшээлд нь байгаагийн тод жишээ гэж хэлж болох уу?
-Монгол Улс гадаадынхны барьцаанд орчихсон байгааг харуулж байна. Тиймээс барьцаанд орохгүй, өмнө нь “Рио Тинто”-той харьцаж байгаагүй хүмүүсээр гэрээ хэлцлээ хийх хэрэгтэй.
-Засгийн газар “Бид мэднэ” гээд энэ гэрээг өөрчилвөл яах бол?
-Байдлыг харъя л даа. УИХ-аас тэмцэх хүн олон гарна. Мөн Засгийн газрыг огцруулах ч хүмүүс гарч ирнэ. “Рио Тинто”-гийн зүгээс их өндөр хөрөнгө оруулалтын тоо хэмжээ батлуулах гэж байгаа. Хэрвээ далд уурхай дээр нь долоон тэрбумыг нэмүүлбэл бид 34 хувиа төлөөд авах ямар ч утгагүй болно. Түүний оронд 34 хувиасаа татгалзсан нь дээр. Тэгвэл бага хохирол учирна. Тийм учраас “Манайх 34 хувиасаа татгалзая, татвараа нэмье, өөрчилье” гэдэг асуудал тавих хэрэгтэй. Яагаад гэвэл, Оюутолгойн гэрээний нөхцөл нь өөр болчихоод байгаа юм. Анх Оюутолгойн гэрээг байгуулахдаа нэмэлт хөрөнгө оруулалт компанийн ашгаас гараад цааш явна гэж байсан. Гэтэл нэмэлт хөрөнгө оруулалтыг гаднаас зээл авч оруулахаар болчихлоо. Тэгэхээр гэрээний нөхцөл өөр болоод бид хувь эзэмших нь ашиггүй болоод шал өөр нөхцөлтэй тулгахаар заавал ч үгүй өөрчлөх, шинэчлэх нь чухал.
-Валютын ханш өссөнөөс Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх дээрээ тулаад байна. Гэв ч үүнийг ярихаас илүүтэй шийдэх зүйл нь дутмаг байна. Тэгэхээр эдийн засгийг яаж сэнхрүүлэх боломж харагдаж байна вэ?
-Ам.долларын ханш 185 төгрөгөөр нэмэгдчихлээ. Энэ нь үнэд маш хүчтэй нөлөөлж байгаа. Манай өргөн хэрэглээний барааны 70-аас дээш хувь нь гадаадаас орж ирдэг Тэгэхээр хүмүүс өмнөх ханшаар бараа, бүтээгдэхүүнээ худалдвал бүгд л алдагдалд орно. Валютын ханш өссөн өдрөөс барааны үнээ нэмж байна шүү дээ. Тэгэх нь ч аргагүй юм. Хэн алдагдалтай ажиллаад байх билээ. Барилгын материалын үнэ нэмэгдсэн. Валютын ханш өссөн нь ард түмэнд хүнд цохилт болж байгаа. Наймхан сарын дотор монгол төгрөгийн ханш 13 хувиар унана гэдэг бол бизнес эрхлэгч, цаашлаад Монголын түүхий эд маш их хямдарч байгаа юм. 13 хувиар манай нүүрс, баялаг хямдарч байна гэсэн тохио өгч байгаа гэсэн үг. Тиймээс валютын ханшийг хүчтэй хэлбэлзүүлэхгүйгээр бодлогоо шинэчлэх хэрэгтэй байна. Монголбанкин дээр сайн зөвлөхүүд авах ёстой. Эсвэл удирдлагуудыг солих шаардлагатай. Энэ хүмүүс бодлогоо явуулж мэдэхгүй байна. Тэгээд гол нь манай улсын валютын нөөц 800-900 сая ам.доллар байсан байгаа юм.Гэтэл гар дээр “Чингис бонд”, орон сууцны мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж эдийнзасаг руу олон зуун сая төгрөг зутгачихлаа. Харин цаана нь ам.долларын нөөц бага байгаад хомсдож, Монголбанк бэлэн ам.долларгүй болоод сандраад байна.
-Тэгэхээр ам.долларын ханш өссөн нь Монголбанкны буруу гэж хэлэх гээд байна уу?
-Буруу. Мөнгөний нийлүүлэлтийг хамаагүй хийх ёсгүй байсан юм. Засгийнгазартай хамтраад үнэ тогтворжуулна гээд баахан салбарт мөнгө өгсөн. Энэ нь нөлөөлсөн.Мөн Монголбанк эдгээрийг багасгах талаар ярих байсан ч улам нэмсэн. Ёстой гал дээр тос нэмэхийг Монголбанк хийсэн. Өөрсдөө валютын нөөцгүй болоод сандраад байна. Арилжааны банкууд 100 сая ам.доллар нэхэж байхад Монголбанк 20 сая өгч байгаа. Харин арилжааны банкууд Монголбанк валютгүй болж байгаа юм байна гээд үнээ өсгөж зараад дундаас нь ашиг хийх бизнес үүсээд байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ