Амур мөрний үер буурахгүй байна

Оросын Алс Дорнодын Амур мөрний усны түвшин Хабаровск орчимд сүүлийн өдрүүдэд зургаан см-ээр нэмэгдэж, 741 см хүрчээ. Өмнө нь Амур мөрөн 1897 онд 642 см хүрч байсан хэмээн тэмдэглэджээ. Урьдчилан таамаглаж буйгаар тун ойрын үед усны түвшин 5-10 смээр нэмэгдэж энэ сарын эцэс болоход 780 см болж мэдэхээр байна. Хабаровскод одоо онцгой байдлын дэглэм тогтоогоод байна. Нам дор газар байгаа байшингууд усанд автаж тун болзошгүй.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар 23.5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ч 50 мянга гаруй хүнд бас аюул нүүрлээд байгаа гэнэ. Учирсан хохирлын хэмжээ 30 тэрбум рублиэс давасан тухай эх сурвалж мэдээлж байна. Хабаровскод нэг сарын хугацаанд ус татрахгүй гэж цаг уурчид үзэж байна. Хэрэв Амур мөрний усны түвшин найман метрт хүрэх юм бол хотын хүн амыг бүхэлд нь нүүлгэх шаардлагатай болно хэмээн тус улсын онгой байдлын албанаас мэдээллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ