Элгэн таргаа бүрж идье л дээ

Шинэ Зеланд улсын "Фонтеррад" үйлдвэрийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээс хортой нянгийн бохирдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ хорт бодисийг агуулсан бүтээгдэхүүн манай улсад ч орж ирсэн байж болзошгүй байсан тул МХЕГ-аас тус гадаадын компаниас сүүн бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг ."АПУ", "Витафит", "Тэсо" компаниудад шалгалт хийсэн билээ. Хэдийгээр нян илрээгүй ч гэсэн зөвхөн дээжийг нь шинжилсэн шүү дээ. Нянтай сүүн бүтээгдэхүүн нь аль хэдийн ороод ирчихсэн хэрэглэгчээ хүлээгээд лангуун дээр байгаа ч юм бил үү хэн мэдэхэв. Хэрвээ ботулизм энэ нянгаар халдварлавал бүтээгдэхүүн хэрэглэж халдвар авбал 18-36 цагийн дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, залгих боломжгүй байх, булчин сулрах зэрэг эхний шинж тэмдгүүд илрэх гэнэ. Аймаар юм.
Аливаа улсын үндэсний аюулгүй байдлыг илэрхийлэх гол зүйл нь хүнсний хэрэглээ. Манай улс хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор буюу өмнөд хөршөөс оруулж ирдэг гэсэн судалгаа байдаг.
Үнэндээ бидний хэрэглэж буй мах, гурилнаас бусад нь өмнөд хөршийнх гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Гэтэл бидний гол хэрэглээ болсон хүнсний бусад бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн болон чанарын шаардлага хангаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Гэтэл манай ченжүүд өөрсдөө л баяжиж байвал бусад нь хамаагүй хойно хэнээс ч хамаагүй хортой хоргүй баахан юм авч бидний хүнсний хэрэглээнд нийлүүлсээр байна.
Манайд гадаадаас тухайн орныхоо үндэсний тохирлын үнэлгээний шаардлагыг бүрэн хангаагүй, зөвхөн тодорхой муж, хотод худалдаалагдах зориулалттай, тухайлбал, йогурт, ариутгасан сүү зэрэг сүүн бүтээгдэхүүн импортоор ирсээр байна. Гэтэл Европын стандарт болон ОХУ-ын стандартад ямар бүтээгдэхүүнийг йогурт буюу пробиотик бүтээгдэхүүн гэж нэрлэдэгийг маш тодорхой заасан байдаг гэнэ билээ.Пробиотик бүтээгдэхүүн, хүнс гэж сүүлийн үед маш их яригдаж дэмжигдэх болсон зүйл. Гэвч энэ яг ямар утгатай , ямар хүнснийг хэлээд байгааг хүмүүс тэр болгон мэддэггүй. Пробиотик гэж нэрлээд байгаа хүнсний бүтээгдэхүүнд ашигтай бичил биетнээр баяжуулсансүү, сүүн бүтээгдэхүүн голчлон йогурт буюу тараг ороод байгаа юм. Бичил биетэнүүд нь бүгд амьд байх ёстой л доо.Түүнээс биш хэн гээч ямар нэртэй бактери , бичил биетэн нь мэдэгдэхгүй амьд үхсэн нь ч бүү мэд тийм тодорхойгүй зүйл байх ёсгүй юм байгаа юм. Гэтэл өнөөдөр пробиотик хүнс гэсэн нэрийн доор импортоор хичнээн хэмжээний исгэлэн сүү, сүүн бүтээгдэхүүн , йогурт тараг орж байгаа бол?
Албан ёсны мэдээг баримжаалан тооцвол манай улс жилд 500 мян.л “йогурт” нэртэй бүтээгдэхүүн импортоор авч байгаа бөгөөд энэ нь ашигтай бичил биетний амьд эс агуулаагүй, харин ч нарийн шинжилбэл эмгэг үүсгэгч зарим нянтай, өтгөн болгохын тулд химийн бодис нэмж, удаан хадгалах зорилгоор 70 орчим 0С-т халааж боловсруулсан, тухайн орны тохирлын үнэлгээ байтугай, стандарт ч байдаггүй гэнэ. Сүүлийн үед иогурт гээд л хүн болгон шуурдаг болж. Урд , хойд хөршөөс нийлүүлэгдэж байгаа энэ бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалахын тэлдхэн гэдэг ямар бодис хэдий их хэмжээтэй нэмсэн юм бол?Та үүнийг мэдэх үү?Энэ талаар бодож байсан уу? Тухайн бүтээгдэхүүнд нөгөө ашигтай бичил биетэнгүүд маань байгаа болов уу? Хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсан нь товоос тов тодорхой шүү дээ. Монголчууд эрт дээр үеэс сүүцагаан идээгээ боловсруулж ирсэн нарийн нандин уламжлал ёс заншилтай ард түмэн. Хүүхэд багачууд, хөшгин хөвөөгүй дөнгөжбүрсэн элгэн тараг ууж , өглөө оройдоо хөөрүүлсэн халуун сүү заавал ууж унтдагбайсан нь гэдэснийхээ микрофлорт ашигтай бичил биетэн хуримтлуулдаг байсан байгаа юм.Үүнийгээ гэдсээ цайлгана гэж ярьдаг байсан. Ингээд хэлэхээр арай ойлгоход амар байгаа биз. Гэтэл өнөөдөр нөгөө бүрсэн элгэн тараг хаачаа вэ? Айлын ээж болгон тараг бүрж чадна байх гэж бодож байна. Үгүй ч байж магад.
Сүүний үйлдвэрлэл мэдэхгүй хүнд сүүгээр аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд амархан санагддаг юм шиг байгаа юм, Яг үнэндээ бол малчин, фермерийн бэлтгэсэн сүүг газар дээр худалдаж аваад, шүүх, хөргөх зэргээр анхан шатны боловсруулалт хийж, хамгийн ойр нь 30, хол нь 200 км тээвэрлэж үйлдвэрт авчран чанараар нь үнэлж, чухам ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтойгоор нь хувааж, халааж, ариутгах, агаартай үл харьцах орчинд бив битүү савлах, бүтээгдэхүүнээ зориулалтын тээврээр тарааж, түгээх гээд маш их ажиллагаа, зардал шаарддаг юм гэсэн. Мэдээж энэ явцад тийм эмзэг бүтээгдэхүүн муудна шүү дээ. Тиймээс бид хаана, хэзээ, ямар сүүгээр үйлдвэрлэсэн нь үл мэдэгдэх импортын бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд уураг, аминхүчил, аминдэм, эрдэс зэрэг биологийн идэвхит хүчин зүйлсийн үндсэн эх үүсвэр болсон өөрийн орны сүүгээрээ элгэн таргаа бүрээд, “гэдэс цайлгах” уламжлалаа сэргээхэд болохгүй зүйлгүй. Сүү, цагаан идээний хэрэглээний уламжлалгүй байсан Хятад, Солонгос, Япон, Сингапур, Тайван гээд олон оронд сүүний ач холбогдлыг бүрэн ойлгож, хэрэглээ нь нэмэгдэж, төрийн эрүүл мэндийн бодлогын чухал хэсэг нь сүү, цагаан идээнд чиглэх болсон гэж байхад мал сүргээрээ дэлхийд дээгүүрт орох сүүний арвин баялаг нөөцтэй манайхан яагаад өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч болохгүй гэж.
Манай орны өнөөгийн хөгжлийн шатанд зах зээлээс чанаргүй, хуурамч, дууриамал бүтээгдэхүүн нэг хэсэгтээ салахгүй нь ойлгомжтой, энэ бол зөвхөн Монголд ч бус ер нь хөгжиж орнуудад тохиолдож байгаа нийтлэг бэрхшээл. Тэглээ гээд хүнсний чанар, аюулгүй байдал алдагдсаны дараа бус, харин тийм эрсдэл, аюул гаргахгүйн төлөө үйлдвэрлэгч, худалдагч, импортлогч, хэрэглэгч, төр хамтран ажилладаг менежмент хэрэгтэй байх. Юуны өмнө Хүнсний тухай болон бусад хууль, журмаа шинэчлэх ажлыг эрчимтэй хийх цаг болсныг ойр ойрхон гарч байгаа хордлого, зөрчил харуулж байна.
Та бүхэнд хандаж хэлэхэд хүнсний баталгаат байдлыг үндэсний түвшинд хангахад иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстой, Үүний арга хэрэгсэл нь хэрэглэгчийн боловсрол шүү гэдгийг онцлоё. Хүнс хоолоо зөв сонгож, бие махбодийнхоо онцлогт тохируулан хэрэглэх, чанаргүй, хуурамч, дууриамал бүтээгдэхүүнийг зах зээлээс зайлуулахад хэрэглэгчийн боловсрол, зарчимч шаардлага л хамгийн их хэрэгтэй байна. Ганц нэг хүн төр, засаг, үйлдвэрлэгч, худалдаачныг шүүмжлээд,ад үзээд төдийлэн үр дүн гарахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Тиймээс боловсролтой хэрэглэгчийн ил тод үг, үйл ажиллагаа ус агаар шиг хэрэгтэй байна шүү дээ. Хамгийн сүүлд хэлэхэд“эмчилгээ”, “сувиллын”, биоэко” гэх мэт хэтрүүлсэн сурталчилгаа, хоосон магтаалд бүү автаарай гэж захъя даа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ