В.Путин: Орост зоримог, бие даасан сэтгүүл зүй хэрэгтэй

Ерөнхийлөгч Владимир Путин Москвад өчигдөр нээгдсэн Оросын сэтгүүлчдийн эвлэлийн Х их хурлын төлөөлөгч, зочдод мэндчилгээ дэвшүүлэв. “Танай их хурал нь сэтгүүлчдийн хувьд төдийгүй, нийт Оросын олон нийтийн амьдралын хувьд чухал ач холбогдолтой юм” гэж илгээлтэд онцлон тэмдэглэжээ.
“Сэтгүүл зүй нь зүгээр нэг он дарааллын түүхч төдийгүй, эх орны түүхийн гол гол үйл явдалд биечилэн оролцогч юм. Хүмүүсийн санаа бодол, сэтгэл санааны байдал, тэдний үнэт зүйлс, ёс суртахуун, улс төрийн чиг баримжааг бүрдүүлж, нийт үндэсний хэмжээний тулгамдсан асуудлыг хөндөж ирсэн юм” гэж илгээлтэд дурдсан байна.
“Сэтгүүлчийн шударга үг асар их жинтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тоо олширч байгаа өнөө үед мэдээллийн шинэ технологи, шинэ боломж гарч ирж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн идэвхитэй, хариуцлагатай байр суурь, жинхэнэ бие даасан, зоримог сэтгүүл зүй хэзээ хэзээнээс илүү чухал болж байна. Үр нөлөөтэй ардчилал хөгжүүлж, иргэний нийгмийг бэхжүүлж, нэн чухал чухал зорилтыг шийдвэрлэхэд Орост ийм сэтгүүл зүй хэрэгтэй” гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.
Энэ нь “зөвхөн бодитой байж, үйл явдлыг атгаг санаагүйгээр мэдээлж, гүн утга агуулгыг нь ухаарах төдийгүй, соён гэгээрүүлэх өргөн ажиллагаа явуулж, авилга, шударга бус явдал, хүнд суртлын зоргоороо явдал, бусдыг үзэн ядах явдал, үндэсний үзэл зэрэг үзэгдэлтэй тэмцэхэд иргэдийг нэгтгэн нягтруулахыг” хэлж байгаа юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч онцлон дурджээ.
Тус орны анхны ерөнхийлөгч Михаил Горбачев ирүүлсэн цахилгаан утсандаа “орчин үеийн нөхцөлд хэвлэлд иргэдийн итгэл хэзээ хэзээнээс илүү чухал юм” гэж онцлон тэмдэглэсэн байна. Биеийн байдлаас болоод чуулга уулзалтад оролцож чадаагүйдээ тэр хүлцэл өчжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ