Америк ганцаараа үлдэв үү

Сирийн засгийн газар босогчдын эсрэг химийн хортой бодис ашиглан дайралт хийсэн нь АНУ-ын шинжээчдийн судалгаагаар нотлогдсон. Түүнлэн НҮБ-ын шинжээчид мөн шинжилгээ судалгаа хийж байгаа. Гэхдээ НҮБ-ийн шинжээчдийн эцсийн хариу хараахан гараагүй байгаа юм.
Иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн явдалд нь АНУ ихээхэн шүүмжлэлтэй хандаж Сирийн засгийн газрын эсрэг агаарын дайралт хийхээр зэхээд байгаа. Энэ мэдэгдлээ долоо хоногийн эхээр албан ёсоор зарлаж пүрэв гаригт агаарын дайралтаа хийнэ хэмээн мэдэгдээд байсан билээ. Гэсэн ч АНУ-ын холбоотон улсууд нь хараахан Сири рүү дайралт хийх шийдвэр гаргалгүй төлөвлөсөн хугацаа нь өнгөрөв.
Өчигдөр Их Британийн тал Сири рүү дайрах асуудлыг НҮБ-ын эцсийн хариу гарсны дараа шийднэ хэмээн асуудлыг хойшлуулж байсан бол өнөөдөр өглөөний байдлаар дайралт хийх асуудлыг парламентаараа хэлэлцэж санал хурааж шийдхээр болсон тухай Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ.
Харин парламентын гишүүдийн дийлэнх нь Сири рүү дайралт хийхийн эсрэг байр суурьтай байгаа хэмээн ажиглагчид дамжуулж байна.
Хамт хүч хавсран дайралт хийхээр төлөвлөж байсан Англи улс энэ асуудалд шийдэмгий бус байдалд хандаж эхэлсэн нь АНУ-ын шийдвэрт ч мөн нөлөөлж мэднэ.
Гэсэн ч Америкийн тал шийдвэрээ өөрчлөх талаар ам нээгээгүй байгаа. Хэрэв дайралт хийнэ гэсэн шийдвэр хэвээр үлдвэл АНУ ганцаараа Сири рүү дайрахад бэлэн үү гэсэн асуудал гарч ирж байна.
Бусад улсууд дайралт хийхэд удаашралтай хандаж эхэлсний зэрэгцээ АНУ-ын зарим томоохон хотуудад иргэд жагсаж Сири рүү довтлохгүй хийхгүй байхыг уриалж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ