Цахим луйврын ажиллагааг удирдсан 14 хятад иргэнээс бусдыг нь албадан гаргалаа

Мөнгө угаах, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Хятадын 800 орчим иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргалаа.
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулсан.
БНХАУ-ын иргэд дээрх зочид буудалд байрлаж байсан бөгөөд 1000-аад компьютер, 10 мянга гаруй монгол дугаартай гар утас ашиглаж байсныг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Цахим луйврын ажиллагааг удирдсан 14 хятад иргэнээс бусдыг нь албадан гаргалаа
Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм.
Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна.
Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна хэмээн ГИХГ-аас мэдээллээ.
Цахим луйврын ажиллагааг удирдсан 14 хятад иргэнээс бусдыг нь албадан гаргалаа
Гадаадын иргэн харьяатын газар, УБТЗ, ТЕГ, цагдаагийн байгууллагатай хамтран ийнхүү өчигдөр БНХАУ-ын иргэдийг албадан гаргах ажиллагааг 15.00 цагаас 19.00 цагийн хооронд зохион байгуулж Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг газруудаас цагдаагийн өндөр хамгаалттайгаар Төмөр замын депо дахь тусгайлан гаргасан 20 орчим галт тэрэгт албаныхан 800 орчим хятад иргэнийг бичиг баримтыг нь нягталж суулган нутаг буцаасан.
Цахим луйврын ажиллагааг удирдсан 14 хятад иргэнээс бусдыг нь албадан гаргалаа
Уг ажиллагааны талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгсөн. Тэрээр “Ажиллагааг албадан гаргах журмын дагуу өндөржүүлсэн хамгаалалт дор зохион байгуулж байна. Цахим луйврын ажиллагааг удирдан зохион байгуулсан 14 хятад иргэнийг баривчлан саатуулсан. Эдгээр иргэдтэй хоршсон хоёр монгол хүнийг ч шалгаж байгаа. Бусад 800 орчим иргэнийг өнөөдөр Замын-Үүд боомтоор улсын хилээр албадан гаргаж БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгнө” гэв.
Албадан гаргасан хятад иргэдийн тээвэрлэлтийн зардлыг БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яамнаас гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ