Төрийн ордон сонгуулийн сурталчилгааны байр биш шүү Ерөнхий сайдаа


 2019 онд Төрийн ордон нуруугаа авахуулсан морь шиг л болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “ивээл” доорх салбар, салбарынхны хурал байсхийгээд л төрийн ордонг дарж, торгон дээлтэй нөхдүүд хөлхөлдөж байна.

Манай Ерөнхий сайд яасан ч өгөөмөр, ивээлсэг хүн бэ. Орцны эмээ нарын буу халалтыг хүртэл ивээх нь халаг байна. Зүгээр ч нэг хурал цуглаан хийчихгүй заавал “ивээл”  гэж үг хавчуулж байж утга учиртай, ач холбогдолтой, хэмжээ, цар хүрээ нь том, сүртэй болоод байна гэж ойлгоцгоогоод байх шиг байгаан.

Ер нь монголчуудын гэм биш зан. Заавал нэг том хүний нэр оруулж байж өндөр хэмжээнд очлоо гэж дүгнэдэг. Ерөнхийлөгчийн ивээл доорх дууны уралдаан, Засаг даргын ивээл доорх шатрын тэмцээн, аль нэгэн сайдын нэрэмжит  бүжиг ч гэх шиг.  Үргэлжилбэл сайхан бүсгүй, загвар өмсөгч, хөөрхөн ээжүүдийн тэмцээн, шилдэг бөхчүүдийн барилдаан, одонтой, одонгүй ээж, аавуудын уралдаан хүртэл заавал хэн нэгний ивээл доор болно.

Аль нэг телевизийн шоуг хүртэл бодлогын яам ивээн тэтгэж, ивээж байгаа нь үндсэн үйл ажиллагаанаасаа дэндүү хазайсан хэрэг юм.

Сонсоход ичгэвтэр байлтай ч бас нэг “ивээх” үйл ажиллагааны цар хүрээгээ бодолцмоор.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “ивээл” доор Малын эмч нарын анхдугаар хурал боллоо. Түүний өмнөх долоо хоногт хүний эмч нарын хурал мөнөө л Төрийн ордонд цуглацгаасан.

За тэгээд 800 төлөөлөгч оролцсон монголын багш нарын анхдугаар хурал, шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар хурлууд бас сүр дуулиантай өнгөрөв. Мартагдсан гэлтэй байдаг шинжлэх ухаанчдын үгийг сонсож, тулгамдсан асуудлыг нь ярьж, тэднийг нулимс дуслуулах шахав. 800 багш ч ялгаагүй Төрийн ордоноос сэтгэл дүүрэн гарцгаалаа.

Нийгмийг хамгийн өргөн хамарсан салбарынхныг эхлэж цуглуулж, тухайн хурлаас ямар нэг шийдвэр гаргасан болж байгаа нь улстөрийн тактик нь тодорхой.

Газар тариаланч, малчин, цэрэг, цагдаа, онцгой байдлынхан гээд 800, 800-аараа Төрийн ордонд мөнөө л том хүний ивээл доор цуглаж,  цаагуураа 2020 оны сонгуулийн нялуун үнэр ханхалсан сурталчилгаанд мансууранхан суугаа дүр төрх телевизийн дэлгэцнээс салахгүй байна.

Үнэндээ бол дарга нарын чухал царайлсан, уйтгартай яриаг шимтэн сонсож суугаа байдал хуралдагчидаас огт харагдахгүй юм. Нойрмоглосон, хоорондоо ярьсан, гар утсаараа оролдсон, дунд сургуулийн сурагчид шиг эмх замбараагүй шуугилдаж, үймэлдсэн, унтсан царайнууд л телевизийн дуранг чимж байна.

Өнгөрсөн жил нийслэл, түүний харъяа байгууллагын ажилтнуудын хурал Төрийн ордонд болсон. Гэтэл телевизийн дэлгэцэнд эгнээгээрээ шахуу унтаж байгаа төрийн албан хаагчид гарсаны дараа тэдэнд арга хэмжээ авах болно гэдгийг мэдэгдэж байсан шүү дээ.

Иймэрхүү маягтай сонгууль угтсан жилийн далд сурталчилгааны ажлууд өрнөж байна.

Энэхүү хурлын цаана бэлтгэл ажил, хурлын зардал мөнгө гэж өнөөх ядарсан төсвөөс зулгаасан үйл явц өрнөж байгаа. Дээр нь хуралд зориулсан хэвлэлийн сурталчилгаа, сонин, сэтгүүл, урилга, өдрийн хоол, төлөөлөгчдөд гарын бэлэг гээд хөвөрч өгнө.

Үр ашиггүй ийм мэтийн инээдэмтэй арга хэмжээнүүдийг  хязгаарламаар байна. Төрийн ордноос гараад мартагдах, энэхүү хоосон цаасны хурал хийснээр Монгол Улс хөгждөгсөн билүү.

Удахгүй Төрийн ордонд орцны өвөө, эмээ нарын хурал Ерөнхий сайдын ивээл доор болно гэвэл нэг их гайхаад байх зүйлгүй л болох нээ.

   Д.Ренчин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ