Эмэгнэл

1952-2019 он
Монгол Улсын Гавьяат Эдийн засагч, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Алтай элхэний Дагвын Жүгдэрбарам 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Жүгдэрбарам нь Ховд аймгийн Манхан сумын уугуул захчин хүн бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийг 1973 онд, Монгол Улсын Их сургуулийг 1977 онд Төлөвлөгч-Эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгсөөд төрөлх Ховд аймгийнхаа АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, орлогч дарга, АДХГЗ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Төлөвлөгөөний комиссын дарга, Аймгийн Засаг даргын орлогч, Хадгаламж банкны салбарын захирал, ХАА-н салбарын нэгжийн захирал, “Ховд суварга” үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. Аймгийн депутат, ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдон ажиллаж байв. Түүний аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, ард иргэдийн аж амьдралын дэвшилтэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Алтангадас одон, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Монгол Улсын Тэргүүний эдийн засагч, Тэргүүний хоршоологч цол тэмдэг, Нутгийн удирдлагын “Соёмбо” одон, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Эдийн засагч цол хүртжээ.
Тэрээр 1990 оноос шүлэг уран зохиол туурвиж, дууны шүлгийн “Хобби”, яруу найргийн “Шүүдрийн усаар шүлэг хэлхнэм би”, өгүүллэг туужийн “Уул усны эзэн”, жүжгийн “Дурлал хүсэх тарни”, бэсрэг романы “Хад нэвт ургасан цэцэгс”, судалгаа шинжилгээний бүтээлийн “Ховд аймгийн хураангуй толь бичиг”, “Манхан сум-ХХ зуун”, сурах бичгийн “Эдийн засаг”, Ховдын зохиолчдын бүтээлийн эмхтгэл “Уулс, Салхис, Тарвас” зэрэг 10 гаруй ном туурвижээ.
“ӨШТӨН ӨӨРӨӨ ТӨРДӨГ” бүтээл нь 2000 онд шилдэг жүжгээр шалгарч МУСТА цол тэмдгээр, “УУЛ УСНЫ ЭЗЭН” номоороо 2006 онд МЗЭ-ийн шагнал хүртэж, “ЖИМСНИЙ ТӨГӨЛД ШАРИЛЖ УРГАДАГГҮЙ” хүүхдийн жүжиг нь 2012 онд шилдэг бүтээлээр шалгарч Монгол Улсын Соёлын санд хадгалагдсан байна. Сэтгүүл зүйн олон арван шилдэг бүтээл туурвисныг нь өндрөөр үнэлэн 2011 онд “Хэвлэл Мэдээллийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагджээ.
Аав минь орчлон хорвоод хүн хэмээх эрхэм алдрын эзэн байж өөрийн ухамсарт амьдралыг төрсөн нутаг Ховд аймгийнхаа ирээдүйн хөгжилд зориулж, улс төр, эдийн засаг, уран зохиол, сэтгүүл зүйн салбарт хүч хөдөлмөр авьяас билгээ өргөж, олон арван хүмүүсийг сургаж хүмүүжүүлсэн соён гэгээрүүлэгч хүн байлаа. Таны минь үнэнч шударга, нөр хичээнгүй, уйгагүй хөдөлмөрч, нөхөрсөг элгэмсүү, туйлын бүтээлч, гүн сэтгэгч, үлгэр дууриалалтай эрхэм сайхан зан чанарууд тань бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно. Та минь мөнх хөх тэнгэртээ амгалан тайван нойрс доо.
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, АХАН ДҮҮС, НАЙЗ НӨХӨД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ