Тариалан эрхлэлтийн санг татан буулгахаар боллоо

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг голчлон хэлэлцлээ. Мөн нэг чухал асуудлыг хөндөн ярилцсан нь ТЭДС-гийн урамшууллын асуудал байв. Учир нь сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Гацуурт” ХХК-ийг ТЭДС-гийн урамшууллын тэн хагасыг авсан хэмээн мэдээлээд байгаа юм.
Хэдийгээр “Гацуурт” ХХК-аас энэхүү мэдээллийг худал ташаа болохыг мэдэгдэж, мэдэгдэлдээ “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн улаанбуудайн урамшуулал нь ТЭДС-гийн мөн онуудад урамшуулалд олгосон мөнгөний 10.6 хувийг эзэлж байгаа юм” хэмээн дурдсан ч өчигдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар тус сангийн урамшууллын 50 хувийг “Гацуурт” ХХК авсан гэх асуудлыг дахин ярьжээ.
Тэдний ярианд зарим гишүүд няцаалт өгч, ТЭДС-гийн урамшууллыг 2000 гаруй компанид олгодог байтал яагаад заавал ганцхан компанийг ийнхүү онцолж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тараагаад байгаа юм, энэ нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш биз дээ гэх асуудлыг ч хөндлөө.
Ингээд ТЭДС-гийн урамшууллын асуудлыг нэлээн хөндсөний эцэст УИХ-ын гишүүн А.Сүхбат “ТЭДС-гийн урамшууллыг тэглэчихвэл яасан юм. Хэрвээ тэглэчихвэл ар өврийн хаалгаар урамшуулал авдаг, цаасан дээр байдаг компаниудын асуудал цэгцэрч, үйл ажиллагаа бодитойгоор явуулж, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг тариаланчид ялгараад гараад ирэх боломжтой юм бишүү” гэсэн саналыг гаргажээ. Улмаар хуралдаанд оролцогч гишүүд дуу нэгтэйгээр түүний саналыг дэмжсэнээр ТЭДС албан ёсоор татан буугдахаар болж байна.
ТЭДС албан ёсоор татан буугдсанаар ирэх жилээс хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжид олгодог хөнгөлөлттэй зээл, урамшуулал байхгүй болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ