Бостоны халдлагыг үйлдэгчид камерт бичигджээ

Холбооны мөрдөх товчоо Бостоны марафон гүйлтийн барианы зурхайд террорист ажиллагаа үйлдсэн сэжигтнүүдийн гэрэл зургийг танилцуулж, тэдний хэн болохыг тогтооход туслахыг олон нийтээс хүсч байна.

Тус  товчооны төлөөлөгч Ричард Делорье сэжигтнүүдийн гэрэл зургийг сэтгүүлчдэд үзүүлжээ. Тэдний нэг нь хар өнгийн бейсболын малгай өмссөн бор царайтай эрэгтэй, хоёр дахь нь арагшаа харуулж өмссөн цайвар  өнгийн малгайтай цагаан арьстан эрэгтэй байжээ. Энэ зургийг дэлбэрэлт болсон дүүрэгт байрлуулсан дүрс бичлэгийн камераас авсныг Делорье дурдсан байна.

Үүнээс гадна,  сэжигтнүүд марафон гүйлтийн бариа болсон Бостоны гудамжаар бие биеийнхээ араас явж байгаа дүрс бичлэгийг бас үзүүлжээ. Хоёр эрэгтэй үүргэвч үүрсэн байж. Делорьегийн хэлснээс үзвэл,  цагаан малгайтай эрэгтэй сүүлд нь дэлбэрэлт болсон тэр газарт үүргэвчээ үлдээж байгаа нь бичлэгээс харагдаж байна.

Мөрдөх товчооныхны үзэж байгаагаар, сэжигтнүүд “зэвсэгтэй, маш аюултай юм” гэжээ.

“Хэн нэгэн хүн тэднийг найз нөхөр, хөрш, хамт ажиллагч юмуу төрөл төрөгсөд болохыг таньж байгаа” гэж Делорье мэдэгдсэн байна.

Даваа гаригт  Бостоны алдарт марафон гүйлтийн барианы зурхайгаас холгүй Бостон хотын нэг төв гудамжинд даваа гаригт хоёр удаа дэлбэрэлт болсон юм. Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, 180 орчим хүн бэртэж шархаджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ