Амьд явах эрх уух усан дээр зөрчигдөж байна

Хvнсний аюулгvй байдал гэж хаа сайгvй ярьж байна. Гэхдээ усыг хvнс биш "ус" л гэж ойлгоод байна. Байнга л "хар ус" гэж ярьсаар байгаад, "Ус чандмань эрдэнэ" гэх алт шиг vгийг бvгд мартчихаж.

Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 60 хүн тутмын нэг нь өдөрт 2л, 10 хүүхэд тутмын нэг нь 1л савласан ус хэрэглэж байна гэсэн судалгаа байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 30 орчим аж ахуйн нэгж энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ба жилээс жилд энэ тоо өсөн нэмэгдэж байна. Хүмүүс савласан цэвэр усыг хийжүүлээгүй, сахар болон бусад нэмэлтгүй, амны цангаа тайлдаг, найдвартай гэх мэт олон шалтгаанаар байнгын хэрэглээгээ болгон ашигладаг болсон. Гэсэн хэдий боловч савласан цэвэр усны талаарх хүмүүсийн ойлголт хангалттай бус, савлаж худалдаалж буй бүх л ус сайн гэсэн өрөөсгөл ойлголт байсаар байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг худалдан авахдаа савлагаа, шошго зэрэг гадаад байдалд л анхаарлаа хандуулдаг болохоос биш дотор нь ямар нэртэй химийн хорт бодис явж байгааг ч анзаарахгүй. Нэг л сайхан цэвэрхэн ус ууж байгаа гэж бодож баяссан улс байх юм.

Хаа ч явсан халаасалчихсан шиг, хvссэн vедээ гаргаж ирээд амаа зайлчихсан шиг явахад ёстой л болдог эд. Халуунд толгойгоо норгочихно. Хээр машины ус халчихвал савтай цэвэр уснаасаа сэлбээд хот орчихно. Гудамжинд явж байгаад гар халтартчихвал "Вояж" юм уу гаргаж ирээд угаачихна. Ингэхээр цэвэр ус хэрэгтэй нь хэрэгтэй эд аж. Харин тvvнийг хэрхэн, яаж vйлдвэрдэдэг, цэвэр усны зах зээлийг тойрсон ажиг сураг юу байна вэ. Ямар ч байсан крантны ус тосч савлаад л, гоё "яарлиг" наагаад худалддаг гэж дампуу ойлгохоос арай наахнуур мэдлэгтэй явдаг маань vнэн.

Уг нь рашаан булгийн ус ч сайхан л даа. Халуун зун тагнай хага ташаад л, дотор сэрvvцvvлээд vнэхээр догь. Гэвч тvvнийг хаа л нэг, зориуд амралтаа аваад, зорин байж очиж уухгvй бол болохгvй. Савтай цэвэр ус шиг хаана л бол хаана уугаад, хэд л бол хэд хоног хадгална гэдэггvй, нэг vгээр гарын ая "даадаггvй" юм гэнэ. За яршиг тэр рашааны газар очиж рашаан олж уутал хол байна. Тэгээд дандаа крантны ус буцалгана гээд зогсч байх, эсвэл цангаагаа тайлна гээд л Туулын эх өөд мацаж явалтай нь биш. Гарын доор, бэлэн зэлэн савтай цэвэр усаа уухаас өөр замгүй болж байгаам даа хөөрхий.

Гэхдээ олон шүүлтүүрээр яаж ямар нөхцөлд хаана байдаг гүний усыг савлаад байгаа нь сонин байгаа юм л даа. "АПУ" гэхэд "800 метрийн гvнээс өрөмдөв" гэнэ. Гайхалтай шvv. Өнөөдөр Монголд лав ийм гvний өрөм байхгvй. Нэгэнт л өрөм нь байхгvй юм чинь 800 метр өрөмдсөн гэдэг нь мэдээж, худлаа гэсэн vг. Зvгээр реклам л даа. Гэхдээ яахав, хvн гэдэг өчvvхэн юманд ч итгэдэг хойно. Харин нефтийн цооног өрөмдөнө гэвэл ёстой 800 метр байдаг нь хаашаа юм. За тэр нь ч яахав, "Бонакуа"-гийн бөөрөн дээр "эрдэсжvvлсэн" хэмээх тодотгол явдаг даа. Гэтэл эрдэсжvvлсэн усыг тийм хямдхан зардаггvй юм байна. Дэлхий дээр эрдэсжvvлсэн ус байдаггvй биш байдаг. Гэхдээ технологи нь асар vнэтэй. Тэр хэрээрээ өртөг нь талийгаад өгсөн. Их олон шат дамжлагаар явдаг учир өртөг нь их. Тvvнийг дэлхийд 5-6 ам.доллараар зарж байна. Баруун Европын баячууд бол яахав. Тэр их vнэтэй усыг хvссэнээрээ залгилж байхаас. Гэтэл бид, би л лав европчууд шиг баян биш. Хэчнээн эрдэсжvvлсэн энэ тэр гэсэн ч арай ч хагас литр усыг 6000 төгрөгөөр авч уухдаа "тулаагvй" байна аа.

За тэгээд тэр савласан цэвэр усыг нь байнга авч уугаад байх бэл бэнчин бидэнд юусан билээ дээ. Крант, худгийн усаа л ууж, хэрэглэнэ биздээ. Япончууд хэдэн жилийн өмнө Монголд ирээд нийтийн хэрэглээний усанд шинжилгээ хийсэн гэсэн. Тэгтэл Монголчуудын өвчлөлийн гол шалтгаан нь крант, худгийн усанд байна гэсэн дүгнэлт хийгээд усандаа анхаарал тавихыг томчуудад зөвлөөд явсан, тэрийг нь томчууд маань чимээгүйхэн дараад өнгөрөөчихсөн гэж дуулсан. Мэргэжлийн хяналтынхан энэ тоотой хэдэн усыг шинжлээд аль нь болно аль нь болохгүй гэдгийг хэрэглэгчдэд сайн зөвлөөд өгөх хэрэгтэй шүү дээ. Шинжилдэг л байх л даа. Гэхдээ нийтэд мэдээлэх нь үнэхээр хангалтгүй байх юмаа. Тийм болохоор ард иргэд минь крантны усаа маш сайн шүүж, цэвэрлэж хэрэглэх хэрэгтэй байна. Та нар 5-аас дээш жил болсон сантехникийн турбаг огтлож үзсэн үү? Хүний гэдэс дотор тиймэрхүү өнгөр тогтож хор хог хуримтлагдсан гээд бодоод үздээ. Аймаар санагдаж байна шүү. Гэтэл бүдүүн гэдэсний шимэгчид олширч зохистой тоогоо алдсанаар бусад эд эрхтэн өвдөж шимэгчидээр дүүрч өвчилдөгийг хэн бүхэн мэддэг хэрнээ анхаардаггүй байсаар л.

Тэгээд ч амьд организмын 70 орчим хувь нь – ус. Тархины 90 хувь нь – ус. Бид угаасаа усаа цэвэршүүлж ууж хэвшээгүй болохоор тэр бүх ус бохир гэсэн үг байх. Тэгэхээр хатуулаг ихтэй усанд ууссан байдаг элдэв давснууд судасны ханан дээр тогтож үлдсээр нас ахих тусам бидний судас гэж яг л зэвтэй труба мэт дотор тал нь өнгөр тогтсон юм болно. Ус буцалгагчны дотор тогтдог шиг. Дотор нь өнгөр тогтсоноор судас хатуу болно, өөрөө хэлбэл, судасны хатуурал гээч нь болж байгаа нь тэр гэнэ.

“Хүний биед төмөр хэрэгтэй биз дээ, зэвтэй ус муугүй юм биш үү” - гэх ч хүн байдаг. Мах, жимс ногоонд байдаг төмөр, хадаасны төмөр хоёр өөр шүү дээ. Төмрийн дутагдалд орсон хүнийг төмөр хүлхээд бай гэдэггүй биз дээ? Крантны усанд байгаа органик эрдэс өчүүхэн бага, түүнийг авах гэж хажуугаар нь өчнөөн хог ууж байснаас, цэвэр ус уугаад, харин тэжээлийн бодиснуудаа хоол хүнснээсээ авч байсан нь дээр байх аа. Тэгтээ тэргүй цахилгаан болон усанд бид хангалттай мөнгө төлдөг. Ядаж л цэвэр ус уумаар байна шүү дээ крантнаасаа. Монгол хүний амьд явах эрх уух усан дээрээ зөрчигдөж байна. Гэтэл энэ томчууд нь нээх л их том юм ярьсан хүмүүс. Жаахан газардвал таарна. Миний бодол ийм л байна. Хэн нэгэн анхааралдаа авна биз. Авах хүнд нэг үг ч эрдэнэ.......

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ