Г.Буяндоржид холбогдох хэргүүдэд Хятад иргэн болон шүүгч татагджээ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг хоёр хоногийн өмнө Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны захирамжийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд албадан саатуулсан. Түүнийг өмнө нь цагдаагийн байгууллагаас хорьсон гэж байсан ч энэ нь ташаа мэдээлэл байсан бөгөөд эрэн сурвалжилсаны эцэст уржигдар орой Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан ажээ.
Хэргийг өмнө нь Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байсан ба Нийслэлийн прокурорын газраас энэ оны долоодугаар сард харьяаллыг нь өөрчилж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байна.
Үүнээс өмнө Прокурорын дэргэдэхМөрдөн байцаах алба шалгаж байсан Г.Буяндоржид холбогдох шүүгч, шүүгчийн шийдвэртэй холбоотой хэргийг шалгаж байжээ. Өөрөөр хэлбэл Г.Буяндоржид холбогдох хоёр ч хэргийг Улсын мөрдөн байцаах газар болон Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба тус тусдаа шалгаж байсан аж. Дээрх хэргүүдийг саяхнаас нэгтгэн шалгаж эхэлжээ. Хэрэгт холбогдуулан шүүгчээс гадна БНХАУ-ын нэг иргэнийг хорьсон байна.Ингэснээр нийт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Г.Буяндорж нарын гурван хүнд холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр “Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон. Тэрбээр мөрдөн байцаалтад ирээгүй. Тиймээс Г.Буяндоржийг 20 гаруй хоног эрэн сурвалжилсны үр дүнд баривчилсан. Түүнийг гэр бүлийнхнээс нь асуухаар “Байгаа, гэртээ байна” гэх мэтээр хэлдэг. Дуудсан цагт ирээгүй. Хаана байгаа нь тогтоогдохгүй, мөрдөн байцаалтаас оргон зайлсан. Тийм учраас цагдаагийн байгууллага тусгай ажиллагаа явуулж байж баривчилсан. Өмнө нь саатуулан шалгаж байгаад батлан даалтанд гарлаа гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл байсан” гэдэг тайлбарыг өглөө. Г.Буяндоржийн 7-8 үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэж албаны эх сурвалж мэдэгдэв.
Түүнийг бусдыг хуурч мэхлэх аргаар залилан онц их хэмжээний хохирол учруулсанхэргээр Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар сэжигтнээр татжээ. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсан, оргон зайлсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгасан байна. Шалгагдаж буй хэргийн дотор иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэг ч багтаж байгаа аж.
Г.Буяндоржийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхарьяа Сонсголон дахь 461 дүгээр урьдчилан хорих төвд саатуулсан ба хоёр сараар хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Хэрэгт холбогдуулан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэргий Т.Ариунаагийнх нь автомашиныг битүүмжилсэн байна. Учир нь “Ноёд” группын захирал Г.Буяндоржийн нэр дээр бүртгэлтэй нэг ч хөрөнгө байгаагүйгээс ийм шийдвэрт хүрчээ. Сэжигтнээр татагдаад буй Г.Буяндоржийн нэр дээр орон сууц, автомашин болон компани ч байдаггүй гэнэ. Гэрийг нь битүүмжилсэн гэдэг мэдээлэл гарч байсан ч мөн зөрүүтэй мэдээлэл аж.
Хэрэгт холбогдсон Хятад иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэн саатуулан шалгаж байгаа гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн. Харин эл хэрэгт сэжигтнээр татагдсан шүүгчийг гадуур байцааж байгаа юм байна. Шүүгчийг албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр буруутгажээ. Г.Буяндоржийг шүүгчийн шийдвэрт нөлөөлсөн гэх хэргээр өнгөрсөн оны эхээс шалгаж эхэлсэн юм.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Г.Буяндорж нь 2011 онд Хятадын “Тайшин” компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал нийлүүлэхээр гэрээ байгуулж, Монгол талын асуудлыгхариуцаж байсан гэнэ. Харамсалтай нь тэрбээр Хятадуудтай гэрээ байгуулж мөнгийг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан хувьдаа авсан ч Хятад хамтрагчаа залилан төмрийн хүдрийн баяжмалаа нийлүүлээгүй гэх үндэслэлээр залилангийн хэрэгт буруутгагдсан гэж байгаа юм. Эл хэрэгт дээрх Хятад улсын иргэн холбогдсон гэх мэдээлэл байна. Хэргийг шалгаж буй хуулийнхан мөрдөн байцаалтын нууц гэсэн үндэслэлээр тодорхой мэдээлэл өгөхөөс татгалцаж буй юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч энэ хэрэгт ихээхэн анхаарал хандуулжээ. Хэвлэлээр Г.Буяндоржийг баривчилсан гэх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагаас үнэн бодит мэдээлэл авахыг Ерөнхий сайд хүссэн байна. Хэргийг шалгахаар олон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагджээ.
Т.Амартүвшин

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ