АНУ-д 20 мянган хүүхдийн амь нас юуны учир гаргуунд гарав

АНУ-д өдөр бүр таван хүүхэд харгис эцэг эхийнхээ зодуурыг даалгүй амь насаа алддаг. Энэхүү үзүүлэлтээр Америк орон хөгжингүй орнууддаа толгой цохидог байна. Олон улсын мөрдөн байцаах Стрингерийн товчооны сайн дурынхны цуглуулсан “Америкийн гэр бүлийн алан хядах ажиллагаа” баримтыг саяхан олонд дэлгэжээ.
Тус улсад жил бүр зургаан сая хүүхдийг хүчирхийлсэн тухай 3.3 сая мэдээлэл ирдэг байна. Ялангуяа насанд хүрээгүйчүүдэд гаргадаг нийтлэг гэмт хэрэгт тэдний амьдрал, ашиг сонирхлыг тоодоггүй (78.3 хувь) гэсэн асуудал ордог аж. Харин удаах байруудад биеийн хүчирхийлэл 17.6, бэлгийн хүчирхийлэл 9.2, сэтгэлзүйн дарамт 8.1 хувиар ордог гэнэ. Үүний улмаас сүүлийн 10 жилд эцэг эхийнхээ буруутай байдлаас болж Ирак, Афганистанд дайтсан Америкийн цэргүүдээс дөрөв дахин олон хүүхэд амь насаа алджээ.
“Childhelp”-ийн хөгжлийн захирал Майкл Медоро “Хамгийн аймшигтай нь жил ирэх тусам байдал хүндэрч байна. 1998 оноос хойш манай байгууллага дээрх статистикийг гаргаж байгаа бөгөөд энэ хугацаанд энэ тоо хоёр дахин өссөн” хэмээн мэдэгдсэн байна. “Childhelp” бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах ашгийн төлөө бус үндэсний томоохон байгууллага юм.
Бэлгийн хүчирхийлэл ч Америкийн гэр бүлд гаарчээ. Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар энэ нь орчин үеийн Америкийн шалиг завхай байдалтай холбоотой бус, XIX зууны “соёлын өв” болох хүүхдүүдийг эцэг эхийн эзэмшил гэж үзэж, тэднээр юу хийх нь дур гэж үздэг байсан үзлээс үүдэлтэй гэнэ.
Өнгөрсөн жил “ВВС”-гийн сурвалжлагчид баримтат судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн 10 жилийн дотор АНУ-ын 20 мянган хүүхэд өөрийн гэртээ, гэр бүлийнхээ гишүүдийн гарт өртөж амиа алдсан гэсэн эмгэнэлтэй тоо гаргажээ. Сэтгүүлчид хүүхдүүдэд халдсан энэхүү харгис үйлдлийг ядууралтай холбон тайлбарлаж байв. Гэтэл Америк бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон шүү дээ.
Харамсалтай нь энд олон гэр бүл шаардлагатай тусламж дэмжлэгийг хүртдэггүй, хүүхдүүдийг төрөөс хамгаалж чаддаггүй аж.
Сургууль дээр ч байдал тун эвгүй. Уурласан багш нар сахилгагүй хүүхдүүдтэй өөрсдөө учраа олохын оронд шууд цагдаа дуудаж байх жишээтэй.
Тухайлбал Альбуркерк хотод долоохон настай хүүг цагдаа нар хичээлээс нь гавлаж гарсан түүх бий. Энэ нь хичээлийн үеэр анги дотуур гүйж, багш руугаа чавхаар харваснаас болсон баривчилгаа гэнэ. Бас нэг этгээд баримт дурдахад найман настай Эвелин Таури хэмээх охин хайртай хүүхэлдэйн киноныхоо баатар үнээний зурагтай ноосон цамц өмсөөд хичээлдээ иржээ. Гэтэл багшид нь энэ үнээ таалагдаагүй бөгөөд бяцхан охин ч дуртай цамцаа өмсөхийн төлөө тэмцэж эхэлсэн байна. Энэ явдал хэв журам сахиулагчдыг дуудаж, Эвелинийг насанд хүрээгүйчүүдийн шорон руу илгээснээр дуусчээ.
АНУ-ын боловсролын төсөв жил ирэх тусам багасч, түүнийгээ дагаад сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлээ дээшлүүлдэг байдал ч мууджээ.
Үүнээс болж сургуулийн удирдлагууд хүүхдүүдийг шийтгэхийн тулд цагдаа, хүчнийхэнд хандах нь нэмэгдсэн аж.
Харамсалтай нь орчин үеийн Америкт дээрх аймшигтай зураглал энд тэндгүй гарах болсон ч хэвлэл мэдээллийнхэн нь тоохоо больжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ