“Траншейны хүмүүс” гудамжинд хаягдсан хүүхдийг аварчээ

10 сар тээж, зовж зовж төрүүлсэн хүүхдээ хаа нэгэн газар үхвэл үхэг гээд хаядаг эцэг, эхчүүд цөөнгүй.Манай улсад ингэж хаягдсан, гологдсон хүүхдүүд маш олон. Тэр дундаа хогийн бункер, орц, хонгилоос нярай хүүхэд олдлоо гэх мэдээлэл байсхийгээд л гардаг болсон. Тэгвэл сүүлийн үед бүр гудамжинд хүүхдээ хаяад явдаг болжээ.Нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн мягмар гарагт эхээс мэндлээд сар ч хүрээгүй нярай олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тодруулбал, түүнийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Цайз” захын ойролцоо гудамжинд хаясан байжээ.Цагдаагийн байгууллагаас эцэг, эхийг нь олж тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Мөн хүүхдийг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд эмчилж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаархүмүүсар гэрийн гачигдал, амьдралын боломж тааруу, хүсээгүй жирэмслэлтээс болж хүүхдээ хаях нь элбэг гэнэ.

Одоо хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалын Чанарын албаны дарга Ш.Наранмандахаас тодруулахад,

-Хүүхдийн биеийн байдал хэр байна?
Хүүхдийн биеийн байдал сайн. Шаардлагатай шинжилгээнүүдийг хийсэн учир удахгүй хариу гарах байх.

-Хүү юу, охин уу?
-Бага зэрэг шуугдсан л болохоос эрүүл саруул хөөрхөн хүү байна лээ.

-Анх ирэхдээ ямархуу байсан бэ?

-Биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн гэмтэл, шарх сорви байхгүй байсан. Гудамжны гэгддэг хүмүүс анх хүүхдийг олсон байгаа. Улмаар тэд цагдаа нарт мэдэгдэж яаралтай арга хэмжээг авсан байна лээ.

-Сар ч хүрээгүй гэсэн үү?

-Хэдэн сар, хэдэн хоногтой нь нарийн шинжилгээгээр тогтоогдоно. Мэндлээд 20 гаруй л хонож байгаа байх гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа.

-Эцэг, эхийг нь эрэн сурвалжилж байгаа юу?

-Цагдаагийн байгууллагатай хамтарч эцэг эхийг эрэн сурвалжилж эхэлсэн.

Дашрамд сонордуулахад,төрүүлсэн үрээ төөрүүлж хаядаг эцэг, эхчүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар мөнгөн торгууль, албадан ажил хийлгэж саатуулах улмаар хорих хүртэлх ял ноогдуулдаг юм шүү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлд хүүхдээ эх нь төөрүүлсэн, хаясан бол гэмт хэрэг гэж заасан байдаг.Энэ хуулийн хүндрүүлэх нөхцөлд зааснаар хүүхдээ хаяж, төөрүүлснээр хүүхэд нас барсан, хүнд хор уршиг учирсан бол 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх юм.Тэгэхээр хүүхдээ хаяж, төөрүүлэх нь гэмт хэрэг гэдгийг зарим эцэг, эхчүүд мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.

“Монголын үрс маш олон болтугай”. Дахин ийм гашуун түүх бүү давтагдаасай.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ