ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 85 НАСТАЙ ТАМИРЧИН Ц.РАДНААД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛОО ХАЙРЛААЧЭЭ


 

85 настай ахмад тамирчин Ц.Раднаа дахин нэг амжилт тогтоолоо. Тэрбээр Малайз Улсын Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээний  400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.



Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож байгаа бөгөөд Ц.Раднаа гуай өнөөдөр 200 метрт гүйнэ.


Өмнө нь энэ рекордыг Япон Улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ.


Өмнө нь Ц.Раднаа гуай Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчилсэн бахдам амжилт гаргаж,  ард түмнээ омогшуулж, огшоож чадсан юм.


Мөн 60 метрийн саадтай гүйлтийн төрөлд Итали, АНУ-ын тамирчдыг ялж, алтан медалиа ихэрлүүлсэн юм. Харин тэмцээний сүүлийн өдөр уртын харайлтын төрөлд дахин амжилт үзүүлж, төрийнхөө дууллыг гурвантаа эгшиглүүлсэн билээ. 
 

Австрали улсад болсон тэмцээнээс гурван төрөлд гурвын харайлт, 60м гүйлт, 80м саадтай гүйлт зэрэг гурван төрөлд дээд амжилтыг шинэчилсэн байна.


85 настай тамирчны амжилтуудын зах зухыг дурдахад ийм байна.


Гэтэл  85 насандаа Ази тив, дэлхийн аварга болтлоо гүйх нь байтугай одооноос нуруу ууц хөшиж, хөдөлж алхаж чадахгүй залуус олон. 80, 90  нас хүртлээ амьдарна гэдэг хүртэл аугаа том хөдөлмөр юм шүү.


Тэгвэл энэ гайхамшигт хүний хөдөлмөр зүтгэл, авъяас, чадвар, насыг нь хүндлэн  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хөдөлмөрийн баатар цолоо 85 настай Ази тив, дэлхийн аварга тамирчиндаа хүртээгээч гэж  www.bataar.mn сайт хэлж, уриалж байна. 


Мөн төр засгаас амжилт үзүүлсэн тамирдчидад олгодог мөнгөн шагналыг У.Хүрэлсүх сайд олгоно байхаа гэж найдаж байна.

 

Э.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ