Гарын үсэг хуурамчаар ашигласан эсэхийг Ц.Мөнх-Оргилоос асуух хэрэгтэй болов

Монголын хамгийн боловсролтой хүмүүсийг жагсаавал УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил бараг л нэгд бичигдэнэ. Учир нь тэрээр алдарт Москвагийн их сургуулиас гадна дэлхийд нэгд бичигддэг Харвардын их сургуулийн хуулийн салбарыг төгссөн юм. Олон улсын хэмжээнд Монголын хамгийн нэртэй хуульч гэж яригддаг. Учир нь Ц.Мөнх-Оргил АНУ-д байхдаа “Собл ассошиэтс” хуулийн пүүст хуульчаар ажиллаж байсан гэдэг. Дараа нь “Мөнх-Оргил, Идэш ба Линч” компанийг байгуулсан. Хожим Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайдаар ажилласан. Түүний намтарын эдгээр хуудсууд Ц.Мөнх-Оргилыг хууль зүйн салбартаа хэн болохыг товчхон харуулна. Гэвч сүүлийн үед түүний талаар мэргэжлийн давуу тал нэр хүндээ ашигласан талаарх элдэв мэдээлэл гарч эцэстээ шалгагдах хэмжээнд хүрчээ.
Учир нь “Жаст” хэмээх дампуурсан группын эзэн Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 160 сая ам.доллар, Улаанбаатар Төмөр замыг барьцаанд тавьж 35,5 сая орчим долларын зээл аваад төлж чадаагүй гэж шуугих болов. Түүнийг ингэж улсынхаа үйлдвэрийг барьцаалан зээл авахад хууль зүйн талаас нь тусалсан хүн нь Ц.Мөнх-Оргил гэнэ. Бүр тодруулбал Ц.Мөнх-Оргилын хуулийн фирм гэрээнүүдийг хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг хоёр талд хянаж өгч байсан бололтой. Хэрэв энэ нь үнэн бол Ц.Мөнх-Оргил олон зүйлийн гэрч болох ёстой. Юуны өмнө Ш.Батхүү тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар ашиглан зээл авсан гэж мэдэгдээд байгаа. Тэдгээр хүмүүсийн гарын үсэг хуурамч эсэхийг гэрчлэх цорын ганц хүн бол Ц.Мөнх-Оргил болж таарлаа. Учир нь тэр бүх гэрээнүүдийг хянаж байсан сурагтай. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү гуравын гарын үсэгийг хуурамчаар ашигласан нь тогтоогдвол Ц.Мөнх-Оргил хам хэрэгтэн болно. Учир нь хүний гарын үсэг хуурамчаар ашиглаж зээл авч байхад хууль зүйн хувьд асуудалгүй гээд гэрээг байгуулж өгнө гэдэг бол тун ноцтой хэрэг хийсэн гэсэн үг.
Нөхцөл байдал ингэж эргэсэн учир хуулийн байгууллагынхан Ц.Мөнх-Оргилын хуулийн фирмийг сонирхох болжээ. Тэгээд ч Ц.Мөнх-Оргилыг хуулийн салбарынхан шалгах өөр нэгэн том шалтгаан байгаа. Тэр нь “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр замыг барьцаанд тавьж зээл авсан гэрээ нь эдгээр төрийн өмчит байгууллагуудад байдаггүй аж. Архив, гадаад харилцаа, бичиг хэрэг гээд байж болох бүхий л газрыг нь хуулийнхан шалгасан ч Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбартай байгуулсан хийгээд батлан даасан тухай гэрээ гарч ирээгүй аж. Харин Английн “Стандарт” банкныхан гэрээний нэг хувийг гаргаад иржээ. Нөгөө нэг хувь нь Ц.Мөнх-Оргилын хуулийн фирмд байгаа тухай мэдээлэл хуулийнханд олджээ. Тиймээс л гэрээний хувийг үзэх гэж хуулийнхан Ц.Мөнх-Оргилыг тойглох болжээ.
Монголын хуулийн салбарын бүхий л том албыг хашиж байсан хүн ийм гэрээ байгуулж өгөөд явж байсан нь батлагдвал ихээхэн дуулиан болох нь гарцаагүй. Хамгийн гол нь тэрээр энэ дуулианд тодорхой хариулт өгөхгүй байгаа нь асуудлыг улам дэвэргэж болов.
Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө Б.Жаргалсайханы “Буян” компани Японы “Марубени” корпорациас зээл авахдаа Засгийн газараар баталгаа гаргуулчихсан байсан. Тэгээд Засгийн газар Английн шүүхэд дуудагдахад Хууль зүйн дэд сайд Ц.Мөнх-Оргил улсаа төлөөлөн заргалдаж явсан. Тэгвэл Ц.Мөнх-Оргил энэ удаа дахиад л Английн шүүхэд дуудагдах нь. Учир нь “Стандарт” банкныхан Английн шүүхэд гомдол гаргаад байгаа. Өмнө Ц.Мөнх-Оргил улсаа төлөөлөн Английн шүүхэд очсон бол энэ удаа хувийн хуулийн фирмээ төлөөлөн дуудагдах бололтой.
Өөр нэг анхаарал татаад байгаа зүйл бол улсын үйлдвэрийн нэрээр авсан 160 сая ам.долларын 110 орчим сая долларыг Ш.Батхүү авчээ. Харин 50 орчим сая ам доллар хаачсан нь мэдэгдэхгүй алга болж. Их өрийг тэглэхэд дундаас нь мөнгө алга болсон гэдэг шиг л юм болж дээ. Үүнийг бас л гэрчлэх, хууль зүйн хүрээнд хянаж байсан хүн нь Ц.Мөнх-Оргил бололтой. Тиймээс холбогдох байгууллагууд Ц.Мөнх-Оргилд эрүү үүсгэн шалгахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.
Ийнхүү дуулиант хэрэгийн гэрч хэмээн шуугиулаад байгаа Ц.Мөнх-Оргилын тайлбараар олон утасны үзүүр хөврөх нь тодорхой боллоо.
24tsag.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ