Рио Тинто 10 тэрбумын авлигаа тооцов

“Рио Тинто” явцуу зорилгодоо хүрэхийн тулд “Эхлээд асуудал үүсгэж, хүнд байдалд оруулж далайлгаад дараа нь хүссэн нөхцөлөө тулгаж зөвшөөрүүл” гэсэн аргаараа “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаа зогсоосон. Өөрөөр хэлбэл, таван тэрбум ам.долларын санхүүжилт Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах хүртэл орж ирэхгүй. Энэ нь цаанаа Монголыг Оюутолгойн гэрээгээр далимдуулан эдийн засгийн хувьд эзлэх гэсэн санаархал юм.
Тэгвэл “Рио Тинто” компани манай Засгийн газраас ямар зөвшөөрөл нэхээд байгаа юм бэ. “Рио Тинто” өнгөрсөн наймдугаар сарын дундуур арилжааны арав гаруй банкнаас зээл авах эсэхээ шийдэж хариу өгөх ёстой байжээ. Тэд эдгээр банкинд хариу өгөхийн тулд манай Засгийн газраас нэмэлт санхүүжилт авахыг дэмжсэн захиа авахыг сүүлийн хэдэн сар шаардаж, тэр ч байтугай захианы эхийг бэлтгэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр дээр авахаар илгээсэн байна. Эл увайгүй шаардлагыг биелүүлбэл монголчууд хэдэн үе дамжсан өртэй болох байлаа. Гэхдээ монголчууд хар тивийнхнийг бодвол бичиг үсэг тайлагдсан, боловсролтой ард түмэн. 1989 онд Папуа-Нойгвинеад “Рио-Тинто”-д барьцаалагдсан Засгийн газар болон иргэдийн хооронд иргэний дайн дэгдэж, 2000 гаруй хүн амь насаа алдсаны эцэст тус компанийг арлаасаа хөөн гаргасан нь нэгээхэн жишээ.
“Рио Тинто” компани BHP Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой” төслийн санхүүжилт зогсож магадгүй гэсэн таамаг гараад байсан нь ийн батлагдсан билээ. “Рио Тинто”-д Оюутолгойн далд уурхайн ажлыг санхүүжүүлэх мөнгө байхгүй болсон учраас хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг зогсоох шийдвэрийг Лондонд дангаараа гаргачихаад, буруугаа Туркойз Хилл Ресурс, “Оюутолгой” компанид тулгаж байгаа. Өмнөх санхүүжилтээ хүртэл буцааж авах санаа цухалзуулах болсныг ТУЗ-ийн гишүүн П.Цагаан ярилцлагадаа дурдав.
Тэд өмнө нь ч Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан анхны гэрээгээ зөрчин, хөрөнгө оруулалтын нийт зардал болох 5,1 тэрбүм долларыг үндэслэлгүй нэмж, эхлээд 14,5 тэрбум болгосноо дараа нь бүр 24,5 тэрбум болтол өсгөсөн хууль бус ичгүүргүй тулгалт хийснийг Монгол Улс зөвшөөрөхгүй гэсний хариуд долдугаар сарын сүүлчээр 2000 шахам монгол ажилчдыг ажлаас халсан юм. Үүний дараа Associated Press, Reuters, Bloomberg зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын талаар таагүй мэдээлэл зохион байгуулалттайгаар цацаж байгаа.
Ер нь Оюутолгой төслийг гацааснаар хөрөнгө оруулалтын зардлаа өсгөх, арилжааны банкнуудаас авах зээлээ Монголын Засгийн газраар дэмжүүлэх, Оюутолгойн гэрээг эргэж харах монголчуудын хүсэлтийг хүлээж авахгүй байх зэрэг нэг сумаар хоёр гурван туулай буудах далд зорилго агуулж байгаа нь ил болсон учир бухимдсаар байгаа. Жил гаруйн өмнөөс Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хэмжээ 2,4 тэрбум ам. долларыг аажмаар гурав, тав, 10, 14 тэрбумд хүргэсэн нь авлигалд өгсөн мөнгөө тооцсон хэрэг хэмээн учир мэдэх хүмүүс шууд хэлж байсан. Рио Тинто хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлсний цаана ямагт авлигалын мөнгөө шингээсэн байдгийг дэлхий нийт нэгэнт мэдэх болжээ.
Одоо “Рио Тинто”-гийнхон Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Лондонд очихыг л хүлээж байгаадаа гол нь бус. Энэ бол цаг хожиж, асуудлаа шийдэх гэсэн нэг арга. Цаашид Монголын баялгийн хувь заяаг Монголдоо л шийддэг байх нь чухал. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг юм.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ