Ц.Энхбаавгай: "Цэдэнбалын толгойг авъя” гэж ЭСЯ-ны үүдэнд бичсэн байв


-Аавын “Чайка” машиныг хятадууд шатаасныг мартдаггүй-
Нэрт зохиолч, дипломатч, биологийн шинжлэх ухааны доктор Дондогийн Цэвэгмидийн хүү, Нэгдүгээр амаржих газрын Нөхөн сэргээх тасгийн эмч Ц.Энхбаавгайтай уулзаж, эцгийнх нь талаар дурсамжийг нь сонссоноо уншигчдад хүргэе.
-Таны нэр их сонин юм. Монголд өөр байхгүй биз?
-Яаж байх вэ. Жинхэнэ нэр маань Энхээ л дээ. Багадаа их булиа хүүхэд байсан болохоор тэгж өхөөрддөг байж. Сүүлдээ жинхэнэ нэрд хувираад Энхбаавгай болчихгүй юу. Сургуульд орохдоо тэгээд бичүүлчихсэн байгаа юм.
-Таны аавыг мэдэхгүй монгол хүн байхгүй. Бүхэл бүтэн үеэрээ аавын тань бүтээлээр хүмүүжсэн гэхэд болно. Сурагч байхад “Булшин дээр” найраглалыг нь заавал уншуулдагсан. Эцгийнхээ талаар багын дурсамжаасаа хуваалцаач?
-Загнаж, гар хүрч байсныг нь лав санадаггүй. Тэгж, ингэж болохгүй гэдгийг зөндөө л хэлдэг байсан даа. Манай найзууд хэлдэг л дээ. Танай аав Монголын залуусыг бүгдийг нь хүмүүжүүлсэн хүн. Ганцхан чамайг л хүмүүжүүлж чадаагүй гэж.
-Аав тань зохиолч, дипломатч, эрдэмтэн гээд л олон алдартай. Хаана мэргэжил эзэмшсэн хүн бэ?
-Аав ярьдаг байсан л даа. Хувилгаан багшаа муулан байж шүлэгч болсон. Худлаа үнэн ярьж байж дипломатч хийв. Хулгана, зурам өвчин байж эрдэмтэн гэгдсэн. Оюутан сурагчдаа худалдан байж профессор болсон гээд л... Аав Москвагийн Ломоносовын Их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн. Дараа нь тэндээ хулганаар биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, тэгээд доктор цол хамгаалсан даа. За бусдыг нь хүмүүс мэдэх биз.
-Өөр цол хэргэм бий биз дээ?
-БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1949 онд “Гавьяат багш” цол бий болоход анх удаа аавд өгсөн байдаг юм.
-Дипломатч гэдэг нь уншигчдад илүү сонин байж магадгүй?
-Аав төгсөж ирээд МУИС-ийн ректороор ажилласан. Тэр үед тийм мэргэжилтэй хүн Монголд ховор байсан нь мэдээж. Тэгээд ч сэхээтэн харьцангуй цөөн байсан цаг шүү дээ. Тэгтэл 1960 онд гэнэт ГЯЯ-ны орлогч сайдаар томилчихож билээ.
Тэр үед манайх НҮБ-д элсэх гээд зүдэрч байсан гэдэг. Гурван ч удаа буцсан байгаа юм. Ю.Цэдэнбал дарга тэргүүлж яваад чадаагүй байдаг. Ингээд 1961 онд Монголын төлөөлөгчдийг аав удирдаад очжээ. Нью-Йоркд төвтэй шд. Илтгэлийг англи, франц, хятад, испани, орос хэлний аль нэгээр тавих ёстой байжээ. Илтгэлийнхээ эхлэлийг эх хэлээрээ хэлэх хүсэлтэйгээ НҮБ-ын даргад уламжилжээ. Зөвшөөрсөн байгаа юм.
Бичлэг нь одоо ч бий. “ Ноён даргаа, эрхэмсэг ноёд, хатагтай, төлөөлөгчдөө” гээд л... Цааш нь англиар илтгээд л манайх гэдэг улс НҮБ-д элссэн түүхтэй. Ингээд хүрээд ирэхээр нь бараг бүх газар урьжээ. Яриан завсраа Америкийн хөгжлийг магтаад явсан юм билээ. Магтах ч юу байхав. Үнэнийг хэлээд л явахгүй юу. Тэгтэл гэнэт НТХ/Намын төв хороо/-ноос дуудаад ГЯЯ-ны орлогч сайдаас нь хусчихсан. Ингээд хэсэг ажилгүй явсан даа. Хурлаас гараад ирэхээр нь албаны хүмүүс асууж л дээ. Яав, юу болов гээ биз. “Юм үзээгүй тэнэг толгойгоос болов” гэчихжээ. Уг нь буцаагаад МУИС-ийн ректораар тавих гэж байсан гэдэг юм. Дээрх үг хүзүүгээр нь орооно биз дээ.
-Тэгээд хэзээ, ямар албатай золгов оо?
-Удалгүй, 1961 онд НТХ-оос гэнэт дуудаад БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилчихсон.
-Бөөн аз аа. Та хятад сургуульд сураад л...?
-Үгүй, үгүй. Боломжийн хувьд байсан нь мэдээж. Гэхдээ Зөвлөлтийн Элчингийн орос сургуульд орсон.
-Тэгэхдээ л хятад хэл сурсан биз дээ?
-Элчингийн байрнаас гардаггүй байсан тул амжаагүй л дээ.
-Тэнд олон жил амьдрав уу?
-Гэр бүлээрээ зургаан жил болсон. Аав зөвхөн Хятад ч биш, Пакистан, Бирм, Камбожи, Индонез гээд Азийн зарим орныг хавсарч суудаг байлаа. Жуух бичгээ барьчихаад Хятадад сууна гэсэн үг. Үе үе тэдгээр улсаар явалгүй яах вэ. Тэгтэл 1967 оны хувьсгал гараад хөөгдөөд ирсэн дээ.
Манай Элчин рүү гурвантаа дайрч, хамаг юмыг нь хагачаад хаячихсан. “Ю.Цэдэнбалын толгойг авъя” гээд ЭСЯ-ны үүдэнд биччихсэн байлаа. Аавын “Чайка” машиныг шатаагаад, жолоочийг нь баривчилсан юм даг. Хүүхэд байхын юмс мартагддаггүй бололтой.
-Тэгээд юу болов?
-МУИС-ийн ректор болсон. Аавын хийх тавилантай ажил байсан юм болов уу. Тэгтэл, 1971 онд СНЗ/Сайд нарын зөвлөл/-ийн даргаар тавьсан. Товчхондоо нэг иймэрхүү.
-Болоогүй ээ. Аавын тань эдэлж, хэрэглэж явсан зүйлс байна биз?
-Зөндөө. Голдуу ахад байдаг юм. Хятадад Элчин байхдаа өмсөж байсан пиджак нь энэ. Одоо өмсөөд сууж байна. Нэг сайхан буриад дээл байсан. Тэр жил Швейцарьт явж байгаад, нэгэн компанийн захирлын урилгаар очоод, өгөх юм олдохгүй болохоор нь бэлэглэж орхисон. Сүүлд нь их харамссан даа. Тэр олон бэлэг дотроос хамгийн сайн бас сайхан нь байсан байх. Өмсөөд, зургаа авахуулаад сүйд болж харагдсан. Хэд хэдэн дээл нь харин бий. САА-д оюутан авч явахдаа өмсдөг байлаа. Аав монгол дээл олонтойг бодоход, өмсөх дуртай байсан болов уу. Ангийн буу, загасны хэрэглэл гээд яриад байвал барагдахгүй дээ. Герман винтов, шувууны буу ч бий.
-Анчин байсан юм уу?
-Мундаг, мундаг. Нэг дор долоон гахай агнаж ирснийг нь хоёрдугаар давхарт гаргах гэж зовж байв. Гэр дүүрээд сүртэй, сүртэй. Нэг дор долоон чоно агнасан тухайгаа ярьдаг байлаа. Би үзээгүй ээ.
-Эд зүйлсээр нь гэр музей ч юм уу, байгуулахгүй юу?
-Багшийн сургууль дотор бяцхан музей байдаг юм. Ихэнх нь тэнд бий. Цээж баримал нь ч байдаг. Дорнодын Баяндунгийн 10 жилийн сургууль аавын нэрэмжит ш дээ. Энэ сард 90 жилтэй. Ах тэнд нэг хөшөө босгосон. Бид бүгдээрээ явахаар зэхэж байгаа.
-Ах гэснээс танайх эх, эцгээс хэдүүлээ юм бэ?
-Гурвуулаа. Том эгч орос хэлний багш, ах Төрийн шагналт, уран барималч Амгалан гэдэг хүн дээ. Монголчууд андахгүй байх аа. Мартсанаас, аав Польшийн эрдэмтэн Ж.Кьюригийн нэрэмжит “Алтан медаль” авсан хоёр хүний нэг. Нөгөөг нь Ю.Цэдэнбал дарга авсан гэдэг. 1969 он санагдана.
-За тийм байж. Та ингэхэд ямар, ямар сургууль төгссөн бэ?
-Орос III сургууль төгссөн. Аав намайг биологич болгох гээд байдаг. Би Германд очоод хэлний бэлтгэлд сурлаа. Нэг чили нөхөртэй хамт амьдардаг байв. Тэр анагаахын чиглэлээр сурахаар ирсэн юм билээ. “Чи хэл мэдэхгүй амьтан судлаад яадаг юм. Хүнтэй харьцсан нь дээр” гэж ятгаад, анагаахад урвуулчихлаа. Гумбольдтын Их сургуулийн анагаахын факультетэд суралцсан түүх энэ.
-Европ эмнэлгийн эмч яаж яваад уламжлалтын болчихов?
-Төгсөж ирээд АУДС-ийн дотрын тэнхмийн багш боллоо. Яамнаас 1985 онд дуудаад дахин Герман явуулсан. Гар засал эмчилгээ сурах даалгавар өгөв. Хоёр жил сураад ирсэн дээ. Ингээд л хоёр анагаахыг хослуулж сууна.
Маш үр дүнтэй байдаг юм. Гар засал гэдэг чинь европын массаж, дорнын барианаас ялгаатай. Монголын бариа дэлхийн аль ч оронд байхгүй. Жинхэнэ гайхамшиг даа. Хүний нуруу гэмтэхээр дотор эрхтэн өвчилдөг. Мөн дотор эрхтэн өвдөхөөр нуруу гэмтдэг. Түүнийг гар заслаар засдаг юм. За тэгээд, зүү тавина, ханана, шивүүр, төөнүүр хийнэ гээд юм, юм байна аа.
-Бас хаана сурчихав аа?
-Монголд оо. Ерэн онд бүх юм чөлөөтэй болонгуут Ш.Төмөрбаатар, доктор Р.Бадарч багш нар Уулын аманд уламжлалт эмчилгээний дамжаа хичээллүүлсэн юм. Түүнд суугаад сурсан шүү.
За баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ