Д.Одсүрэн: “Шуранхай”-н Б.Номин-Эрдэнэтэй үерхэж байсан

Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа залуусын нэг бол яах аргагүй балетчин Д.Одсүрэн. Германы “Theater and Philarmonie Thuringen” компанид бүжиглэдэг тэрбээр саяхан нэр хүндтэй Германы “Theater Oskar”-ын эзэн болсон. Эх орондоо ирээд байгаа Д.Одсүрэн тун удахгүй шинэхэн бүтээлээ багачуудад зориулан толилуулах гэж байна. Түүнтэй шинэ уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

- Эх орондоо ирээд хэр удаж байна. Таныг хүүхдэд зориулсан бүжиг тавих гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхэлье?

-Ирээд сар гаран болж байна.Би Номин-Эрдэнэ захиралтай “Щелкунчик” балетын сургуультай хамтран хүүхдэд зориулсан нео-классик балет тавьж байна. Бид хамтран П.И.Чайковскийн “Хун” гэдэг нэртэй жижигхэн бүжгэн жүжиг тавьж байна. Манайд хүүхдэд зориулсан анхны бүжгэн жүжгийн бүтээл. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хөгжим дээр мөн дүрүүдээр нэрлэсэн гэхдээ арай өөр түүх, өөр өрнөлтэй.

-Хүүхдэд зориулсан гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ямар үйл явдал гарах вэ?

-Одетта охин гэртээ ганцаараа цонхоор харж сууж байгаад аавдаа нууран дээр очиж, гадаа гарч эрх чөлөөг мэдэрмээр байна гэхэд аав нь үгүйсгэнэ. Хүүхдүүд уйлж байгаад унтчихдаг ш дээ. Одетта охин аавдаа гомдож, уйлсаар нэг л мэдэхэд гүн нойронд автана. Тэр охин зүүдэндээ хунгийн сүрэгт хун болон нисч байгаад өөрийнхөө ирээдүйн нөхөр болох хүнтэй уулзаж, эрх чөлөө гэдэг зүйлийг зүүдэндээ мэдэрдэг. Хүн гэдэг шувуу шиг эрх чөлөөтэй явах ёстой гэдгийг зүүдэндээ ойлгоод сэрсэн Одетта охин аавыгаа орж ирэхэд миний хүсэл мөрөөдөл цонхны цаана байна гэдгийг хэлж байгааг бүжгээр харуулна.

-Балетаа хэзээ тавих вэ?


- Би ингэж бүжиг тавина гэж бодож байгаагүй. Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд илүү эрч хүч аваасай гэсэндээ энэ жүжгийг тавихаар зориг гаргасан.
Тоглолт энэ сарын 7-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн их тайзан дээр болно. Хүүхдүүдэд зориулсан болохоор бүх хүнд нээлттэй гэж хэлмээр байна. 45 минут үргэлжлэх юм.

-Таныг Германы “Theater Oskar”-ын эзэн болсон гэж сонссон. Гадны оронд эх орныхоо нэрийг гаргаж явна гэдэг бахархал шүү?

-Баярлалаа. Өнгөрсөн 2012 онд театрын Оскар гэдэг ёслол болсон. Тус ёслолд зургаан орны бүжигчдээс миний нэр орчихсон байсан. Би шагнал авна гэж бодоогүй гэтэл “2012 оны шилдэг уран бүтээлч” гэсэн номинацийн эзнээр тодорч Оскарын эзэн болсон. Жижигхэн оскар өгдөг юм билээ. Хаана ч явсан Монгол Улсын, Монгол бүжигчин гэж ярьдаг болохоос биш зүгээр Д.Одсүрэн бүжиглэлээ гэж хэлдэггүй. Гадаадад бүжиглэхэд бас нилээн өрсөлдөөнтэй. Цэвэр урлаг гэдгийг хөгжүүлж ирсэн түүхтэй улс гүрэн учир Монголыг төлөөлөөд явах бас хүнд шүү. Эх орондоо байгаа юм шиг эрх чөлөөтэй байж болохгүй. Миний нэг үйл хөдлөл Монголын нэр болж гарна гэдэг утгаараа, Монголынхоо нэрийг муугаар гаргахгүйн тулд хичээдэг. Эх орныхоо тухай сайнаар гаргахыг хүсч, сэтгэл зүрхээ зориулж явна даа.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ, эх орондоо ажиллаж амьдрах бодол байгаа юу?

-Одоо Монголдоо амраад л байна. Есдүгээр сарын дундуур буцна. Би 2008 оноос хойш гадаадын улсуудад бүжигчнээр ажиллаж байгаа. Одоохондоо эх орондоо амьдрах бодолгүй байна. Надад хийж бүтээх, сурах зүйл ч их байна. Харин эх орондоо ирсэн үедээ гадаадад сурч мэдсэн зүйлээ дүү нартаа зааж өгөхийг хүсч явдаг даа.

-Тэгж байгаад гадаадын иргэншилтэй болчих юм биш биз?

Германы засгийн газраас саянхан нэлээн хэдэн бүжигчдийг иргэншлээ сольж, Германы нэр дээр бүжиглэдэг болох урилга өгсөн. Надад ч бас өгсөн. Би хариуг нь өгөөгүй байгаа. Мэдээж иргэншлээ солих бодол байхгүй.

-Яаж яваад балетаар хичээллэх болов. Бүх зүйл эхэлж байсан тэр үеэ дурсаач?

-Би Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилд сурдаг байсан.Сургуулийнхаа урлагийн үзлэгт алгасахгүй орно.Хүмүүс бүр миний бүжиглэхийг харах маш дуртай болчихсон байсан.Багш нар маань хүртэл надаар бахархдаг байлаа.Тэгээд би ээждээ сургуульдаа ороё гэж хэлсэн. Тухайн үедээжид маань намайг нутгаасаа хол сургуульд явуулна гэдэг маш хэцүү байсан. Мэдээж хөдөөний хүүхэд бас айлын бага болохоор.Тэгээд 1996 онд хөгжим бүжгийн коллежид намайг шалгуулаад би тэнцсэн. Ингээд бүжгийн ангид орсон.Гэхдээ монгол бүжгийн ангид л орсон гэж бодож байтал сонгодог бүжгийн ангид орсон байсан. Шалгалтдаа тэнцээд сургуульдаа орсноос хойш бараг хоёр жилийн дараа би балетчин болох ёстой гэдгээ мэдэрч байлаа.

-Одоо балетээр хичээллэж байгаа, мөн балетийг сонирхдог мөртлөө айгаад,хэцүү санагдаад ч юм уу, тодорхой алхам хийж чадахгүй байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө, эсвэл урмын үг хэлж болох уу?

-Хамгийн гол өөрөө хийх гэж буй зүйлдээ чин сэтгэлээсээ сонирхолтой байж тэрнийхээ төлөө явж, өөрийгөө дайчилжчадах хэрэгтэй.Аливаа зүйлийг хийхдээ айх биш харинхайртай, дуртай байгаад үз. Тэгвэл чи тэр зүйлээсээ хайр эргүүлж авч оргилд нь хүрэх болно.

-Монголын сайн балетчид гадагшаа гараад дотооддоо төгссөн хэдэн хүүхэд л энэ театрыг авч явах болж гэсэн яриа бишгүй л дуулж байсан. Балетчдын боловсрол мэдлэг, чадварын асуудал дээр та ямар байр суурь, бодолтой явдаг вэ?

-Нэг үеэ бодвол урлагийнхан гадагшаа их явж байна. Балетчид ч мөн адил явж л байдаг, ирж л байдаг. Олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцох нь ямар ч уран бүтээлчийг маш их хөгжүүлдэг. Мөн гадаадад ажиллаж байгаа хүмүүсээ урилгаар, гэрээгээр түр зуур ч гэсэн энд авчирч уран бүтээлд оролцуулж байгаа нь харилцан бие биеэсээ суралцах боломж өгч байдаг. Харин ч балетчид маань илүү ур чадвартай, дэлхийн ямар ч улсын аль ч бүжигчнээс дутахгүй гэж боддог. Итгэдэг. Харин тэдэнд маань төрөөс анхаарал бага тавьж байгаа нь жаахан харамсалтай санагддаг.

-Тухайлбал, Германы төр балетчдадаа яаж анхаарч байна?

-Тухайн бүжигчин амжилт гаргах гол үзүүлэлтийн нэг бол эрүүл мэнд сайн. Германд очоод урлагийн салбарын хуулийг нь судалсан л даа. Манайд спортын эрүүл мэнд гэж ярьдаг, тамирчид эмчтэй байдаг шиг тэнд балетчдын эмч гэж байдаг. Биеийн эрүүл мэндэд байнга анхаарч, ямар хоол унд хэрэглэх, ажиллаж амрах гээд бүх зүйлд анхаардаг. Спортынхонтой барьцаж байгаа хэрэг биш гэдгийг ойлгоорой. Жишээ нь, тухайн спорт болгон өөр өөрийн гэсэн элементтэй байдаг бол бүжгийн урлагт спортын бүх техникүүд агуулагдсан байдгаараа магадгүй спортынхноос хамаагүй илүү чадвар шаарддаг.

-Балетад бас сайн, муу дүр гэж байдаг. Таны хувьд аль дүрийг нь илүүтэй бүтээдэг вэ?

-Балетаар хичээллээд 16 жил, мэргэжлээрээ ажиллаад 12 жил болсон байна. Эргээд харахад дандаа эерэг дүрд тоглосон байдаг. Нэг удаа эсрэг дүр бүтээхэд их хэцүү байсан. Яаж ч хүчлээд, хичээгээд муу зан чанар гаргаж илэрхийлж чадахгүй байсан. Тэгж бодохоор би хүнийхээ хувьд их сайн хүн юм шиг байгаа юм /инээв/. Маш шаргуу ажиллаж байж эсрэг дүрээ бүтээж байсан шүү.

-Балетчин байхын хамгийн сайхан нь юундаа вэ?

-Хүнийг хүмүүжүүлж, соёлжуулж чаддаг. Яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн тоглолтоос гоо сайхны таашаал авч чадаж байгаа бол балетчин хүн үүргээ биелүүлж байна гэж хэлж болно.

-Ажил төлөвлөдөг үү?

-Тэгэлгүй яахав. Одоо бүр цаг төлөвлөлтийн дэвтэр хүртэл гарчихсан байна. Залуу хүн бүр байнга ашиглаасай. Нэг ийм үг байдаг шүү дээ. Байгаа чөлөөт цагаа ашиглаж чадахгүй байгаа бол илүү ихийг бүү хүс гэсэн утгатай. Би тоглолтынхоо хөтөлбөрт зохицуулаад хуваариа гаргачихдаг.

-Хэрвээ чиний амьдралыг кино гэж зүйрлэвэл гол дүрд нь ямар жүжигчин тоглох байсан бол?

-Matrix киноны гол дүрд тоглодог Kiano Reaves. Нэг удаа түүний түүхийг сонсож байхад багадаа кино урлагт хөл тавих гээд ганцаараа маш их чармайж, бас бүтэлгүйтсэн ч бууж өгөлгүйгээр зүтгэж, Холливудад орж маш том жүжигчин болсон. Энэ нь бас миний амжилтын эхлэлтэй их төстэй санагддаг л даа.

-Гэр бүлээсээ хэдүүлээ вэ?
-Ээж аавтайгаа нийлээд 9-үүлээ. Айлын хамгийн бага нь

-Хувийн амьдралыг тань сонирхож болох уу, найз бүсгүй бий юу?

-Одоогоор гэр бүл төлөвлөсөн зүйл байхгүй ээ. Гадаад бүсгүйтэй үерхэж байгаа.

-Гадаад бүсгүйтэй суучих юм биш биз?

-Монгол байна уу, солонгос байна уу хамаагүй, ямар ч хүн зурсан зурлагаараа амьдардаг гэж би боддог. Тийм болохоор ямар хүнтэй уулзаж учраад, таалагдаад, бие биенийгээ ойлголцож байгаа нь тэр хүний хувийн асуудал. Тэгэхээр заавал монгол хүнтэй сууна гэж боддоггүй.

-Таныг “Шуранхай” хамтлагийн дуучин Номин-Эрдэнэнийн найз залуу гэж хэвлэлүүдээр бичиж байсан. Таниас энэ талаар асууя гэж бодсон юм?

-Номин-Эрдэнийг би урлагт хөл тавихад нь их тусалсан. Тэр хүн монголын сонгодог урлагийг хөгжүүлээд, уран бүтээл хийгээд явж байгаад нь баярладаг. Нэг хэсэг үерхэж дотносож байсан нь үнэн. Харин одоо бол зүгээр найзууд болсон.


Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ