Ж.Сарантуяа: Н.Удвал сайд нэг нүдээрээ ч хараагүй

Энхдөлгөөн хүү бусад хүүхдийн адил тоглож, дүрсгүйтэж ч чадахгүй өвчиндөө шаналж сууна. Дөнгөж гуравхан настай энэ хүү давсагны хорт хавдартай бөгөөд бие засаж ч чадахгүй, харахаас нүд халтирам байдалтай байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Эмч нараас эмчлэх найдваргүй гэсэн үг сонссон хүүгийн ээж ямар ч аргаар хамаагүй хүүгээ эмчлүүлэх арга хайж, хандивын данс нээжээ. Түүний эцсийн найдлага нь Америкаас ирэх эмч нарт хүүгээ үзүүлэх юм. Хүүгийн ээж Ж.Сарантуяатай ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Намайг Ж.Сарантуяа гэдэг. Өдгөө 43 настай. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул.
-Хэдэн хүүхэдтэй вэ. Энхдөлгөөн хүү хэд дэх хүүхэд чинь вэ?
-Би хоёр хүүхэдтэй. Том охин маань 23 настай. Ажил хийдэг. Харин Энхдөлгөөн маань энэ жил гурван нас хоёр сартай. Миний хүү чинь зургаадугаар сарын 9-нд төрсөн.
-Таныг хоёр хүүхэдтэйгээ л амьдардаг гэж сонссон. Нөхөр чинь хэзээнээс хамт амьдрахаа больсон бэ?
-Намайг зургаан сартай жирэмсэн байхад л хаяад явсан. Тэр хүний тухай одоо яриад хэрэггүй биз дээ. Одоо хүү маань өвдөж, ийм байдалтай болсон болохоор бүр хамраа ч цухуйлгахгүй нь ойлгомжтой. Бодвол бас л нэг эмэгтэйтэй гэрлэж, үр хүүхэдтэй болоод явж байгаа байх.
-Ерөөсөө холбоо бариагүй юу?
-Хүүхдээ төрөхөд л нэг ярьсан. Тэрнээс хойш ямар ч холбоо бариагүй.
-Хүү чинь одоо гуравтай юм чин сайн ярина биз?
-Сайн ярина шүү. Янз бүрийн л хөөрхөн юм ярьж суудаг. Ямар сайндаа цүнх үүрээд сургууль, цэцэрлэгт явна гэж гуйна. Тэгээд цаас, бал аваад өгөхөөр өдөржин өнөөхтэйгээ ноцолдоно. Миний хүү ядарлаа, амар гэхээр багш даалгавраа хийхгүй бол загнана гэж байгаа юм чинь. Үнэхээр элэг эмтэрч, зүрх зүсэгдмээр. Гуравхан настай хүүхэд байж өвдөхөөрөө заримдаа уйлж чадахгүй уруулаа хазаж гүрийнэ.Тэгээд бас их том эр ээ. Ээжээ хөл барь, нуруу ил гээд л...
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд цагаан халаадтай хүнийг бүр андахгүй байгаа биз дээ?
-Сувилагч, эмч нараас их айна. Дахиад л тариулна гэхээс айхаас ч яахав. Бүр сувилагч ойртоод л ирэхээр хөөж гарна шүү дээ.
-Одоо та хоёрыг хүмүүс таньдаг болсон болохоор урмын үгтэй мессеж зөндөө ирж байна уу?
-Нэг талдаа хүү маань өвдөөд хэцүү байгаа ч, олон хүн бид хоёрыг гэж байгаа болохоор үнэхээр сайхан байна. Өмнө нь бид хоёрыг гэх хэн ч байхгүй юм шиг санагдаж маш хэцүү байдаг байсан бол одоо сэтгэл өөдрөг боллоо. Хүүхэд маань энэ олон хүний сайхан энергээр эдгэчих юм шиг санагдах юм. Олон хүн урмын үг хэлж, бэлэг сэлт явуулж, эргэж тойрч байгаа.
-Одоо та хоёр хаана амьдарч байгаа вэ. Том охин чин та хоёртой цуг байгаа юу?
-Бид гурав Монголын үндэсний телевизийн хажууд нэг нийтийн байранд амьдардаг. Охин маань зав гарвал дүүгээ ирж хардаг.
-Нийтийн байр болохоор өрөө нь жижигхэн, чийгтэй хэцүү л байгаа биз дээ?
-Өрөө нь маш жижиг, чийглэг, хүйтэн гээд л хэцүү, хэцүү. Хүү маань өвчтэй болохоор тийм орчинд байлгах амаргүй л байдаг.
-Сарын төлбөр нь хэд гэх вэ?
-Уг нь 150 мянган төгрөг байсан. Энэ сараас 200 мянгад хүрч байгаа бололтой. Гэхдээ эгч нь сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар энэ сарынхаа төлбөрийг төлчихсөн шүү дээ.
-Яг хэзээнээс хүү нь өвдөх болов. Хорт хавдартай гэдгийг нь хожуу мэдсэн гэж сонссон?
-Миний хүү ой дөрвөн сартай байхдаа бие нь гэнэт өвдөж аймгийнхаа эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч аймгийн эмнэлгээс Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Ингээд Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлэгт үзүүлж, хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Улмаар шинжилгээний хариу “давсагны хоргүй хавдар" гэж гараад төдөлгүй "хорт хавдар” болсон доо. Тухайн үед шээхдээ бага зэрэг зовиурладгаас өөр хорт тэмдэг гэж мэдэгдэхээр зүйл ажиглагддаггүй байсан. Харин шинжилгээ өгснөөс дөрвөн сарын дараа том хавдар гарч ирж, хүү маань бие засаж ч чадахаа больсон. Нүүр нь минчийж улайгаад л их зовиурладаг болсон. Иймээс дахин Хавдрын эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэсэн. Гэтэл нэлээн архагшсан хорт хавдартай болох нь тогтоогдсон. Хоргүй хавдар гэж сонсоод тайвшраад байж байх хугацаанд л хүүгийн маань бие муудаж их цаг хугацаа алдсан байна лээ.
-Тэгэхээр хоргүй хавдар гэж хэлсэн эмчийн буруугаас та хоёр өдийд ийм байдалтай болчихоод байгаа юм байна шүү дээ?
-Яг эмчийн буруу биш. Учир нь манай Монголд сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж байдаггүй шүү дээ. Тэгэхээр би эмчид буруу өгөхийг бодохгүй байна. Гэхдээ цаг хугацаа алдсан нь маш харамсалтай. Ингээд хүү маань саяхан давсгаа авахуулсан.
-Өтгөн, шингэнээ хэрхэн гадагшлуулж байна?
-Уг нь бүдүүн гэдсээр/бөгсөөр/ нь өтгөн, шингэн аль аль нь гардаг байсан. Гэтэл сүүлийн үед хорт хавдар байгаа хэсгээрээ ялгаруулах болсон. Мэдээж хүн л болсон хойно өтгөн, шингэнээ гаргахыг хичээнэ. Гэвч өтгөн шингэнээ гаргах гэхээр маш их зовиурлаж хүү маань үнэхээр тарчилж зовдог. Энэ байдлыг харсан хэний ч зүрх шимширмээр. Ийм жаахан амьтан биедээ ахдахаар хүнд зовлон амсаж байна шүү дээ.
-Хоол идэхдээ хэр байгаа вэ?
-Ер нь бол маш муу. Бараг л юм идэхгүй. Байнга өвчин намдаах тариа, дусал хийлгээстэй байдаг.
-Манай улсын эмч нар үзээд хүүг ямар ч найдваргүй гэсэн юм уу?
-Ямар ч найдвар байхгүй. Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Хамгийн гол нь миний хүүгийн онош арай эрт зөв гарсан бол бас юм яаж эргэсэн байх ч юм билээ л гэж бодож сууна. Хүүгийн минь амьдрах хугацаа арай уртсах ч байсан юм болов уу.
-Гадны эмч нарт үзүүлэв үү. Ер нь аль нэг улсад эмчлэгдэх боломжтой талаар судалсан уу?
-Хаана яаж хандахаа ч мэдэхгүй их цаг алдлаа. Солонгосын эмч нар ирэхэд нь нэг үзүүлсэн. Тэд хүүд чинь хагалгаа хийх боломжгүй. Бид хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн. Харин би Тайландын эмнэлэг рүү хүүгийнхээ бүх шинжилгээний хариу, зураг зэрэг шаардлагатай зүйлсийг явуулсан. Тэнд давсаг шилжүүлэх хагалгаа хийгээд ч болов зүгээр болох боломжтой гэж найдах юм даа. Гэвч тус эмнэлэгт зөвхөн үзлэгт ороход л монгол мөнгөөр 25 сая төгрөг төлөх юм билээ. Тиймээс мөнгөгүй хүмүүсийн зовлон яалтай ч билээ. Бичиг явуулчихаад л хариу ирэхийг нь хүлээгээд сууж байна. Гамбууш тэнд хүйсээ солиулах хагалгаанд амжилттай орсон болохоор тийм хүнд хагалгааг хүртэл хийж байгаа юм чинь, миний хүүд найдлага байж магадгүй л гэж залбирах юм. Бас энэ сарын нрнно Монголд ирэх америк эмч нарт хүүгээ үзүүлнэ дээ.
-Нутгийн ард түмэн чин хэр тусалж байв?
-Чадахаасаа чадахгүй хүртэл их тусалсан. Бид хоёр чинь Улаанбаатарт 10 удаа ирж, шинжилгээ өгч, хэвтсэн байгаа. Тэгэхээр ирж очихтойгоо нийлээд 20-н удаа явснаас, онгоцоор найман удаа зорчсон. Энэ бүгдэд ажилгүй би яаж мөнгө гаргах вэ дээ. Нутгийн маань иргэд л тусалж байлаа. Гэхдээ бас сайны хажуугаар саар гэгчээр зарим хүн энэ одоо яасан их мөнгөтэй юм. Найдваргүй гэсэн оноштой, хорт хавдартай хүүхдээ байнга л хотруу авч явдаг гэж ярьсан байна лээ. Үүнийг сонсоход надад их л хэцүү байсан. Би мөнгөтэй, баяндаа хот руу хүүхдээ үзүүлэх гэж дахин дахин яваагүй. Аргаа барсан, хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж байгаа эх хүн шүү дээ.
-Та бас нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Болорчулуун нараас тусламж гуйж байсан гэж сонссон?
-Мөнгөтэй бас нэр нөлөө бүхий хүмүүс болохоор нь надад бага ч гэсэн тус болох болов уу гэж найдаад их гүйсэн дээ. Гэвч хэн нь ч хариу өгч, надтай уулзаагүй. Аль алиных нь л туслахуудаар дамжуулж бичиг сэлт, захиа өргөдөл өгүүлсэн. Гэтэл ёстой хүний урманд нэг удаа ч хариу илгээгээгүй. Хүн чинь найдаж байгаа хүнээсээ л тусламж гуйна шүү дээ. Энэ ч дээ, угаасаа туслаж чадахгүй гэсэн хүнээсээ нэг ч зүйл гуйх бүү хэл, асуухыг ч бодохгүй. Н.Номтойбаяр гишүүнд туслахаар нь дамжуулж таван удаа өргөдөл өгсөн. Харин Болорчулуунд гурван удаа өргөдөл явуулсан. Бүр маш эртнээс удаа дараа тусламж гуйсан даа. Мөн Н.Удвал сайдын өрөөний гадаа өвчтэй хүүхдийнхээ хамт өдөржин сахиж суусан. Гадаадын том хүмүүстэй уулзаж гаргаад л бид хоёрыг тоож ч хараагүй. Өрөөнийх нь гадаа хүүхэд маань ч, би ч уйлаад л, ганц удаа уулзаад, нөхцөл байдлыг минь сонсож болох уу гэж их гуйсан. Гэтэл өрөөнөөсөө гарч ирээд нэг ч үг солилгүй орхиод явчихсан.
Хүүд туслахыг хүсвэл,Хандивын данс : Хаанбанк 5405595504
Холбогдох утас: 88061912, 89968648
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ