Хайртай хүмүүсээ тамхинаас гаргахын тулд

Ихэнх хүмүүс тамхины хор уршгийг мэддэг хэрнээ л татсаар байдаг. Тамхи татах нь зуршил буюу амьдралын хэв маягийн нэг хэсэг учраас тэр хүн өөрөө л ухамсарлаж, хүчин чармайлт гаргахгүй бол дан ганц дэргэдэх хүмүүсийн ятгалгаар болино гэдэг бараг л худал. Хэдий тийм боловч өөрт нь түүнийг ухамсарлуулах, урам зориг өгөх замаар дотны хүнээ хорт ззуршлаас нь ангижруулж чадсан түүхүүд ч цөөнгүй.

1. Тухайн хүнийг тамхинаас гарах бодолтой байгаа эсэхийг нь асуу. Үнэхээр тийм бодолтой байгаа бол сайн хэрэг.

2. Түүний амнаас гарч байгаа тамхины хорт утаа өөрөөс нь гадна олон хүмүүсийг дам тамхидалтаар хордуулж байгааг хэл. Мөн жил бүр хагас сая хүн тамхинаас болж нас бардаг гэдгийг сануулж болно.

3. Шулуун шударга, илэн далангүй хэрнээ өөрийг нь халамжилж, санаа тавьсан байдлаар харьцах нь зөв. Шуудхан л минутын дотор тамхинаас нь гаргах гэж энд байгаа биш гэдгээ бас санаарай. Түүнийг ятгаж оролдлого хийх сэдэл өгөх л чиний зорилго.

4. Гэртээ тамхи татаж болохгүй хэсгүүдийг бий болго. Тамхи татаж болох газрыг зааж өг. Гэхдээ аажим аажмаар зөвшөөрөгдсөн газруудыг цөөлөөд байгаарай. Хэрвээ тэр чиний найз бол өөрийнх нь дэргэд ядаж тамхи татахгүй байхыг гуй. 2-3 долоо хоногийн дараагаас эхлэн гэрт огт тамхи татахгүй байх дүрмийг гарга.

5. Ямархуу байгааг нь байнга асууж бай. Түүнийг зөв замдаа явж байгаа эсэхийг асуух хэн нэгэн байгаа гэдгийг сануулсаар бай. Гэхдээ хэтэрхий шүүмжлэлтэй, хатуу хандах хэрэггүй. Зүгээр л түүнд урагшлах хэрэгтэйг нь сануулж, дэмж.

6. Тамхинаас гарах шийдвэр гаргасанд нь талархаж, ялалтыг нь тэмдэглэ. Эхний хоёр гурван долоо хоног хамгийн хүнд үе байдаг. Энэ үед л шантралгүй үргэлжлүүлж чадсан баярыг заавал тэмдэглэж, урамшуулаарай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ