Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр.
Хорт хавдрын эсрэг тэмцэлд зөвхөн эмч өвчтөнүүд бус хүн бүр хамтдаа оролцоцгооё.
Хүн бүрийн мэдэж байх нь зүйтэй гэсэн хэдэн мэдээллийг хийе гэж бодож байна.
1. Хорт хавдар эмчлэгддэг, эдгэдэг өвчин.
2. Эрт үед нь л илрүүлж чадвал дийлэнх хорт хавдар эдгэх боломжтой.
3. Хорт хавдар эрт үедээ өвддөггүй, ямар нэг зовиур өгдөггүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт орж байж л эрт үед нь оношилно.
Монгол Улсад жилд 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Насанд хүрэгчдийн хувьд элэгний В, С вирусийн халдвартай бол элэгний хорт хавдар, ходоодны хеликобактеритай бол ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэх мэтээр мэдэж болдог бол хүүхэд яагаад хорт хавраар өвчилдөг шалтгаан өнөөг хүртэл тодорхой болоогүй төдийгүй хүүхдэд тохиолдох хорт хавдраас сэргийлэх боломжгүй гэж үздэг байна. Чернобылийн Атомын цахилгаан станц дэлбэрч их хэмжээний цацраг идэвхит бодисын нөлөөгөөр тухайн бүс нутагт бамбай булчирхайн хорт хавдартай хүүхэд олон мянгаар төрсөн тухай ДЭМБ-аас мэдээлсэн байдаг. Мөн нүдний хорт хавдар өвчин удамшдаг болох нь судалгаараар тодорхой болжээ.
“Хүүхэд болон насанд хүрэгчдийн хорт хавдар маш их ялгаатай. Хүүхдийн хорт хавдрыг эмчлэх бүрэн боломжтой, эмчилгээ үр дүнтэй болох нь батлагдсан бол насанд хүрэгчдийн хавдар өвчлөлийнхөө сүүлийн шатанд орсон бол аврагдах магадлал бага. Иймд ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталж, улс орнуудыг хүүхдэд тохиолдох хорт хавдрыг эмчлэхэд анхаарал хандуулахыг уриалсан байна.
Хавдар зөвхөн томчуудад тохиолддог өвчин биш бөгөөд хавдартай хүүхдэд урт хугацааны эмчилгээ, өртөг зардал шаарддаг учир ийм эмгэгтэй хүүхэдтэй гэр бүлүүд эдийн засаг болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ордог төдийгүй, эцэст нь энэ хөнөөлт өвчинд ялагдаж үлддэг эмгэнэлт хувь тавилан Монголын олон гэр бүлд тохиож байна.
Хүүхэд нь хорт хавдраар өвчилснөөс болж нэг ч гэр бүл санхүүгийн эрсдэлд орж, ядууралд өртөх ёсгүй гэж олон улсын түвшинд үздэг ч Монголын хүнд өвчтэй хүүхэдтэй гэр бүлд энэ эрсдэл бодитоор нүүрлээд буй билээ. Монгол Улсын Үндсэн хуульд 0-18 насны хүүхдэд төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ хэмээн заасан ч хүнд өвчтэй хүүхдүүдийн хувьд энэ лоозон төдий юм.
Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний хувь өндөртэй орнуудад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах бодлогын баримт бичигтэй байдаг. Хүүхэд залуучуудын орон Монгол Улсад ч хүүхдэд тохиолдох хорт хавдрын эмчилгээний орчин үеийн технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, эмчилгээний өртөг зардлыг гэр бүлд дарамт багатайгаар шийдвэрлэх тал дээр төрийн бодлого, шийдвэр үгүйлэгдэж байна.
Сайн дураараа эмнэлэгт жил бүр үзүүлж, шинжилгээнд хамрагдаж, амьдралын зөв хэв маягийг дадал болгоцгооё!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ