Ази тивийн сүү үйлдвэрлэлийн НБД нарын газрыг Улаанбаатарт байгуулна

Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ онд байгуулна.


НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагаас санаачлан “Dairy Asia” Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индэрийг 2014 онд үүсгэн байгуулсан. Энэхүү санаачилгад одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам зэрэг Ази тивийн 13 улс нэгдэж ороод байна


Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад тус индэр болох байгууллагын зорилго орших юм.


“Ази тивийн сүү үйлдвэрлэл” индэрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод үүсгэн байгуулах саналыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн.


Саналыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон далайн мал аж ахуй, мал эмнэлгийн комисс зэрэг олон улсын холбогдох байгууллагаас дэмжиж байгаа юм.


Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулах тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоол батлагдсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ