ЭМЯ:Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн

ЭМЯ-наас өдөр бүр хийж буй мэдээллээ өнөөдөр хийлээ.  Хэвлэлийн хуралд  ДЭМБ-ын халдварт өвчний асуудал харицсэн мэргэжилтэн Ариунтуяа,  МХЕГ-ын ахлах байцаагч Төмөрбаатар, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг,  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын мэргэжилтэн Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.  Одоогоор дэлхий дахинд 20624 хүн өвчилж, 632 хүн эдгэрч, 425 хүн нас бараад байгаа. Шинээр АНУ, Энэтхэг зэрэг дөрвөн оронд илэрсэн. Хятад руу аялсан хүмүүсээс илэрсэн юм байна" хэмээлээ. 

Тэгвэл ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "ГХЯ хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг тасралтгүй хийж байна. Ялангуяа шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж байгаатай холбоотойгоор зөвхөн БНХАУ-д суугаа Элчин сайд, консулын газруудаас гадна, энэ вирусийн халдвар тархсан улс оронд байгаа иргэдээ хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа. Бүх Элчин сайдын яамдад чиглэл өгөөд, иргэдэд мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг түгээж ажиллаж байна. 

Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдсан ээлжит бус хуралдаанаар ГХЯ-д өгсөн чиглэлийн дагуу Ухань хотод байгаа 31 оюутнаа авчирсан. Одоо ХӨСҮТ-д байгааг та бүхэн мэдэж байгаа.  Энэ үйл ажиллагаанд оролцсон бүхий л байгууллагын төлөөлөлд баярласнаа илэрхийлье. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д суугаа Элчин сайдын яам халдварын бус нутагт байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийг авчрах талаар дэмжлэг үзүүлээд ажиллаж байна.  Нэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадын хил цагаан сарын баярын дараа нээгдсэн. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар манай улсын 5200 хүн БНХАУ-тай хиллэдэг бүхий л боомтоор орж ирээд байна. 

Яг одоо Эрээн хотод байгаа 150 иргэнийг хилээр нэвтрүүлэх ажлыг хийж байна. Манай яам ХХЕГ, МХЕГ-тай хамтарч ажиллаж байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээ хүрэн зэрэг боомтоор 100 гаруй иргэн орж ирсэн. Маргаашнаас эхлээд авто замаар иргэдээ оруулж ирэх ажил дуусна. Цаашлаад агаар болон төмөр замаар иргэдээ оруулж ирнэ.  Өнөөдөр энэ хуралд оролцож байгааг далимдуулаад гадаадад байгаа иргэддээ тухайн улсад суугаа Элчин сайдын яам, консулд бүртгүүлээч ээ. Бүртгэлтэй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлэхэд дөхөмтэй байдаг. Тиймээс бүртгүүлээч гэж уриалах байна" хэмээлээ.  

МХЕГ-ын ахлах байцаагч н.Төмөрбаатар "Өнгөрснө хугацаанд 54 сэжигтэй тохиолдлыг хилийн боомт дээр илрүүлсэн. Сэжигтэй зорчигчдыг ХӨСҮТ-д болон орон нутгийн эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Тэдгээр иргэдээс халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл боомтуудаар иргэдээ хүлээж авна. Өчигдөр гэхэд Гашуун сухайт боомтоор 154 иргэн эх орондоо орж ирсэн. Тэдгээр иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Түүнээс гадна, гаднаас орж ирж буй ачаа тээвэр, тэр дундаа далайн гаралтай бүтээгдэхүүнд онцгой анхаарч, шинжилгээ хийж, хяналт тавьж байгаа. Ухань хотоос хоёр чингэлэг ачаа тээвэр орж ирсэн. Хяналтад аваад, ариутгал халдваргүйтлийг хийсэн.  Ер нь хилээр орж ирж байгаа бүх бараа, техникт ариутгал хийж байгаа" хэмээлээ.  

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Япон улсаас өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. Дараа долоо хоногт 4000 оношлуур нэмэгдэж ирнэ.  Коронавирусийн халвдвар авч нас барсан хүмүүсийн ихэнх нь өндөр настай, суурь өвчтэй байсан. Ухань хотоос ирсэн 31 оюутнаа шинжилсэн. Хятадын талаас ч шинжлээд, бичгээ өгсөн. Оюутнуудыг авчирсан багийг бид хянаж байгаа. 14 хоног болгоод, дахин шинжилж баталгаажуулна" гэдгийг хэллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ