“ҮХЦ хуулийн дагуу албан бичгээ бичээгүй тул тохирсон хариуг өгч байна гээд сонины хайчилбар сканердаж өгсөн”

Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлээс Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүллээ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр “Korean Air” компанийн нисэх онгоцоор Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа олон нийтийн газар зүй бус авир гаргасан хэргээр баривчлагдаад саатуулагдсан талаар мэдээлэл цацагдсан.
Улмаар түүнд 10 хоног хилийн хориг тогтоож, 16 сая төгрөгийн торгууль ногдуулсны эцэст эх оронд нь буцаасан. Энэ үеэр түүнийг эхэндээ зүй бус авир гаргасан гэх асуудлаа үгүйсгэж байсан ч сүүлдээ санахгүй байна хэмээн мэдүүлсэн талаар БНСУ-ын хэвлэлээр мэдээлж байв.
Улмаар тэрбээр эх орондоо ирснийхээ дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Цэцийн даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ҮХЦ-ийн гишүүнээр үлдсэн.
Шаардлагын талаар "Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн тэргүүн Л.Отгонцэцэг "Манай нэгдэл "БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо", "Бид уучлахгүй" ТББ, "Уухай хөдөлгөөн", "ХҮН нам", "Машинтай жагсаал" ТББ залуустай хамтран ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын гаргасан асуудалд дургүйцлээ илэрхийлэн тайван жагсаал зохион байгуулж, Төрийн ордонд "Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр дуугүй суусаар байх уу" хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Монгол Улсын нэр хүндийг олон удаа сөрөг байдлаар сурталчилж, доромжилсноос үүдэн БНСУ болон бусад оронд ажиллаж, амьдарч байгаа Монголчууд Монгол гэж хэлэхээсээ ичин, доог тохуу болсон. Бид Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын ажлаа өгөөд зогсохгүй гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Монголчуудаас уучлалт гуйхыг шаардлага хүргүүлсэн ч бидний албан бичгийн хариуд сонины хайчилбарыг үдээсээр үдэж хариу болгон өгсөн. Хариундаа та бүхэн Монгол Улсын өргөдөл, гомдлын хуулийн дагуу албан бичгээ бичээгүй учраас тохирсон албан бичгийн хариу нь энэ юм гээд Өдрийн сонины дугаарт өгсөн ярилцлагыг сканердаад наасан хариу өгсөн. Төрийн байгууллага ийм хариу өгөх нь зөв үү хэмээн асууж бид бичлэг хийсний дараа дахин хандаж албан бичгээ дахиад өгвөл хариу өгье гэсэн. Бид энэ газраас албан бичгээр хариу өгөх боломжгүй юм байна гэж үзээд дахин хандаагүй.
Төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйн хариуцлага алдсан бол 100 хувь хариуцлагаа хүлээдэг систем байх ёстой. Тиймээс бид томилсон байгууллага нь эргүүлэн татах ёстой хэмээн үзэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна" гэсэн юм.
Д.Одбаяр энэ дуулианы дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ бүхэн зохион байгуулалттай байсан бөгөөд асуудлын талаар БНСУ-ын талд өргөдөл гаргасан талаараа дурдсан байв. Мөн түүнд ногдуулсан торгуулийн шийтгэл нь нисэхийн аюулгүй байдал зөрчсөн гэх үндэслэлээр ногдуулсан болохыг мэдээлж байсан юм.
"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдэлээс цаашид БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажиллах бөгөөд чухам ямар үндэслэлээр торгууль ногдуулсан, гүтгэсэн гэх түүний яриа үнэн эсэхийг тодруулахаар ажиллах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ