Чоно борооноор буюу Монгол төрийн ялгаварлан гадуурхалт

       Яг л чоно борооноор гэгч болжээ. Коронавирусийн улмаас эмнэлэг, цагдаа, багш нар, орон нутаг, нийслэлийн захиргааны байгууллагын доод дунд шатныхан өдөр шөнөгүй, цаг наргүй халуун цэг дээр ажиллаж, нойр хоол, идэх уухаа умартан ажиллаж байна.

Цагдаа, замын цагдаа нар орж гарах хөдөлгөөн зохицуулж, хулгайн тээвэр хийгчидтэй тэмцэлдэн хөдөө хөхөрч гадаа гандан байна.

Нийслэлийн Засаг дарга баар, цэнгээний газрыг хаасантай холбогдуулж, тэд хороо, дүүргийн доод шатны ажилтанууд хяналт тавьж, орой үдэшгүй онгорхой, ажиллаж байгаа газар байна уу гэж харанхуйд сүүтэлзэж явна.

Гэтэл энэ дүйвээнээр, цагаан сарын өмнө зөвхөн төрийн захиргааны төв байгууллага буюу яамдын албан хаагчидын цалинг нэмэгдүүлсэн шийдвэрийг Ерөнхий сайд албажуулжээ.

Яг үнэндээ төрийн албаныхан сүлжээгээр цалинждаг ч хамгийн өндөр цалинг яамдынхан авдаг.

Гэтэл хороо, дүүрэг, нийслэл, орон нутгийнхан хамгийн бага шатлалын цалинг авдаг. Сургууль төгсөөд ажилд орсон бол удаан жилийн, ур чадварын гэх мэт нэмэгдэлгүй зөвхөн үндсэн цалингаа авч байна. Тэр нь 500-650 мянган төгрөг. Татвараа аваад гар дээрээ авах нь ойлгомжтой. Энэ мөнгөөр хэрхэн амьдрах билээ.

Тэгсэн атлаа муу л бол хойд талын хар овоохой гэгчээр улс оронд болж байгаа хамаг сайн, муу ажилд дайчлагдаж хөөгдөнө. Дээр нь муусайн төрийн албан хаагчид гээд чичлүүлж, бүгдээрээ оймсчид, авилгачид шиг ад үзэгдэнэ. Үнэндээ бол оймсчин, авилгачин чинь дээгүүрээ л явдаг юм шүү дээ.

Гэтэл яамдынхан томорч, дээрээс утасдаж үүрэг өгчөөд албан тасалгаандаа сууцгааж л байдаг.  Яамдын мэргэжилтнүүд ямбалхаас өөр хэрхэх билээ. Лав л ганц удаа боловч эргүүл хийж, шөнө өдөргүй дайчлагдаж үзсэнгүй.

Үүнийг үл харгалзан байж, монгол төр ийнхүү төрд зүтгэж байгаа албан хаагчидаа ялгаварлан гадуурхаж, зөвхөн яамдынхны цалинг нэмсэн нь дэндүү шударга бус үйлдэл боллоо.

Яамны 924000 төгрөгний цалин авдаг байсан мэргэжилтэн одоо бол 1.228.000 төгрөг авна гэсэн үг. Дээр нь төрд ажилласны 5-25, зэрэг дэвийн 5-25 хувийн нэмэгдэл, хоол унааны мөнгө нэмж авдаг. Ингээд та бүхэн тооцоод үзээрэй.

Хангамж, байр, сургалтын тэтгэмж, үр хүүхдээ хөнгөлөлттэй сургуульд суралцуулах гээд.

Иймэрхүү маягаар монголын төр хойд эх аятай ялгаварлан гадуурхалт хийж болохгүй ээ.

Гэсэн ч авилгал, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг голдуу энэ газраас гардаг шүү дээ.

Монголын төр ийнхүү корона вирус, цагаан сарыг далимдуулан төрийн албан хаагчидаа ялгаварлан гадуурхалт хийх байдлаар цалин нэмэгдүүлсэн нь бас нэгэн онцгой,онцгүй үйл явдал болж эгдүүцэл,эсэргүүцэл төрүүлж байна. 

Д.Сайхан

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ