ЭМЯ:Өвчлөл гарсан оронд зорчсоноо нуух нь маш хариуцлагагүй үйлдэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.05/

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагийн мэдээллээр ДЭМБ-ын мэдээллээр КОВИД-19 халдвар 79 оронд бүртгэгдээд байна. БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн. Хүн амын бөөгнөрөл нь халдвар тараах үндэслэл болж байгаа. Австрали, АНУ-д асрамжийн газрын өндөр настнууд өвчилсөн байна" гэв. 

ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ “Энэ өвчин томуу биш, одоогийн байдлаар КОВИД-19 халдварын эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй. Тийм учраас улс орон бүр хариуцлагатай байж, шинэ коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулсан. КОВИД-19 халдварыг өндөр эрсдэлтэй гэж үзсэн хэвээрээ байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр өглөөний Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 27 зорчигч ирсэн. Үүнээс нэг зорчигчийг Багабаян дахь амралтын газар тусгаарласан. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирснээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 

Өчигдөр /2020.03.04/ Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагатай хамтран олсон. Мөн хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа очсон байна. Тухайн иргэдийг ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийж тусгаарласан. Өвчлөл гарсан оронд зорчсоноо нуух нь маш хариуцлагагүй үйлдэл. 

Нэгдүгээр  сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Өнөөдөр 12:00 цагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Зүрх судасны мэс заслын тасгийг нээнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ